Вэйпний манан дунд өсөж буй залуу үе

Өглөөний хичээл эхлэхээс өмнө сургуулийн ариун цэврийн өрөөнд хэдэн хүүхэд дугуйран зогсоно. Гар дээрээ өнгөлөг савлагаатай, жимсний үнэртэй жижиг төхөөрөмж барьжээ. Нэг нь “энэ мангоны амттай”, нөгөө нь “никотингүй” гэж тайлбарлана. Удалгүй утаа суунаглаж, хүүхдүүд ээлжлэн сорцгооно.

Энэ бол өнөөдрийн Монголын сургуулиудад улам энгийн үзэгдэл болж буй электрон тамхины бодит дүр зураг.

Нэг үе зөвхөн насанд хүрэгчдийн асуудал гэж үздэг байсан тамхидалт өнөөдөр хүүхдийн асуудал болж хувирчээ. Илүү аюултай нь энэ шинэ хэрэглээ тамхи гэхээсээ илүү “тоглоом”, “технологи”, “амттан” мэт харагддаг, тэгж хүлээж авдаг болсон явдал юм.

Factcheck.mn-ийн “1 сар – 1 сэдэв” цувралаар цуглуулсан судалгаа, статистик, олон улсын баримтуудыг нэгтгэн харахад Монгол Улс электрон тамхины зах зээлийг бараг хяналтгүй алдсан дүр зураг тодорч байна.

Глобал залуучуудын (ДЭМБ) тамхины судалгаагаар 2019 онд 13-15 насны сурагчдын ердөө 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол 2023 он гэхэд энэ тоо 8 дахин өссөн буюу 13-17 насныхны 24.8 хувь нь электрон тамхи хэрэглэдэг болсон байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь вэйп хэрэглэж байсан гэсэн үг. Гэвч тэр үеэс дахин 3 жил өнгөрсөн өнөөдөр хүртэл энэ тоо ямар ч хязгаарлалт, зохицуулалтгүйгээр өссөөр.

“Хор багатай” гэх сурталчилгаа хүүхдүүдийг хэрхэн урхидав

Энэ бол ердөө “трэнд” биш, энэ бол бүхэл бүтэн шинэ үеийн никотины хамаарал. Электрон тамхины гол маркетинг нь нэг өгүүлбэр дээр тогтдог:

“Янжуураас хор багатай.”

Гэвч ДЭМБ, CDC, АНУ-ын Уушгины ассоциац зэрэг байгууллагууд электрон тамхи аюулгүй бүтээгдэхүүн биш гэдгийг удаа дараа анхааруулсаар байна. Судалгаануудын хамгийн түгшээж буй хэсэг нь “никотингүй” гэж зардаг зарим бүтээгдэхүүн хүртэл никотин агуулж байгааг тогтоосон явдал юм. Электрон тамхины шингэн халж уурших үед нэмэлт химийн урвал явагдаж, шинэ хорт бодисууд үүсдэг гэж судлаачид үзжээ.

Никотин бол зүгээр нэг “тайвшруулагч” биш. Энэ бодис тархины шагналын дааврын системийг өөрчилж, допамины ялгарлыг удирддаг. Вэйпгүй үед бухимдах, тайван байж чадахгүй болох, байнга сорох хүсэл төрөх нь донтолтын сонгодог шинж.

Хамгийн ноцтой нь өмнө нь тамхи хэрэглэж байгаагүй өсвөр насныхан электрон тамхи хэрэглэснээр уламжлалт тамхинд донтох эрсдэл 3-5 дахин нэмэгддэг гэжээ. Цаашлаад бусад төрлийн мансууруулах бодист, хар тамхинд ч донтох эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагдсан.

Эрдэмтэд үүнийг “Gateway effect” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, вэйп нь түүнийг борлуулагчдын хэлдэг шиг “тамхинаас гарах гарц” бус, харин шинэ хэрэглэгч элсүүлэх үүд хаалга болж байгаа юм.

Электрон тамхи хурдтай тархаж буй бас нэг шалтгаан бол никотиноос гадна маркетинг. Жимсний амт, өнгөлөг савлагаа, USB шиг хэлбэр, хурдан том болохыг хүсдэг хүүхдийн сэтгэл рүү чиглэсэн “Cool” имиж, TikTok хэв маягийн контент, инфлюэнсерүүд бүгд нэг цул болон стресс тайлна, хор багатай, “smoke-free” гэх мэт мессежүүдийг эрчтэй бөмбөгдсөн. ДЭМБ энэ талаар “Тамхины үйлдвэрүүд шинэ үеийн хэрэглэгчдийг онилж байна” хэмээн удаа дараа маш тодорхой анхааруулсан байдаг.

Электрон тамхи хүүхдэд зориулагдсан мэт харагддаг нь санамсаргүй биш. Монголд энэ бүтээгдэхүүнүүд сургуулийн орчим, конвиниенс дэлгүүр, сошиал худалдаа, хүргэлтийн сувгаар бараг ямар ч саадгүй түгж байна.

Монголд хяналтгүй өссөн зах зээл


2020 онд Монгол Улс ердөө 47 мянган ширхэг электрон тамхи импортолж байв. Харин 2024 онд энэ тоо 8.2 сая ширхэг болж өсжээ. Дөрөвхөн жилийн дотор 174 дахин өссөн гэсэн үг. Энэ өсөлт бол санамсаргүй зүйл биш.

Монгол Улсад электрон тамхи өнөөдөр “тамхи” биш, “электрон бараа” гэсэн ангиллаар орж ирдэг. Тиймээс ердөө 5 хувийн гаалийн татвар төлдөг байна.

Үүнээс шалтгаалаад, хүүхдүүд маш хялбархан худалдан авах боломжтой байгаа юм. Татвар бараг байхгүй, сурталчилгаа тодорхой хэмжээнд чөлөөтэй, онлайнаар түгээхэд саад бага, энэ бүгдийг зохицуулсан хууль эрх зүйн тодорхой зохицуулалт үгүй. Тухайлбал, 2012 оноос хойш Тамхины хяналтын тухай хуульд бодит шинэчлэл хийгдээгүй хэвээр байна. Гэтэл энэ хоосон орон зайд тамхины бизнес асар хурдтай тэлжээ. Судалгаагаар электрон тамхины импортын 71 хувийг ердөө хоёр компани оруулж ирдэг байна. Тамхины төрлийн бүтээгдэхүүний нийт зах зээл 700-800 тэрбум төгрөг хүрсэн гэх тооцоо ч бий. Энэ нь Монгол Улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ зориулсан жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний мөнгө юм.

Өөрсдөө хориглочхоод Монгол руу нийлүүлж байгаа Хятад болон бусад улсууд

Монголын электрон тамхины импорт БНХАУ-аас өндөр хамааралтай болсон байна. Хятад улсын нийлүүлэлт 2021 онтой харьцуулахад 41 дахин өсжээ. Гэвч сонирхолтой парадокс бий.

Хятад улс өөрийн дотоод зах зээл дээр электрон тамхины онлайн худалдааг хориглосон, мөн олон нийтийн газар хэрэглэхийг хязгаарласан бөгөөд сурталчилгаанд хатуу зохицуулалт хийсэн. Хонг Конг бүр илүү хатуу хязгаарлалт хийж 2022 оноос электрон тамхи импортлох, худалдах, үйлдвэрлэхийг хориглосон бол 2026 оноос нийтийн талбайд авч явахад хүртэл торгууль ногдуулдаг болсон байна. Торгууль 3000 хонг конг доллар (1.5 орчим сая төгрөг). Их хэмжээгээр авч явбал 50,000 доллар (25 сая орчим төгрөг) хүртэлх торгууль төлөхөөр зохицуулагджээ. Харин Монголд дуртай хүн нь дуртай дэлгүүрээсээ авч, дуртай газраа татаж байна.

АНУ-д 2019 онд электрон тамхитай холбоотой уушгины хүнд гэмтлийн дэгдэлт бүртгэгдэж, 2807 тохиолдол, 68 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнийг EVALI буюу вэйптэй холбоотой уушгины хүнд гэмтэл гэж нэрлээд амь насанд аюултай гэжээ. Судлаачид витамин Е ацетат зэрэг бодисууд уушгийг гэмтээсэн байх өндөр магадлалтай гэж үзжээ. Электрон тамхи нь шинэ бүтээгдэхүүн учраас 20-30 жилийн дараах урт хугацааны нөлөөлөл бүрэн тодорхой болоогүй байна. Тэгэхээр өнөөдрийн хүүхдүүд бол дэлхийн хэмжээний туршилтын үеийн хэрэглэгчид болж байна гэсэн үг юм.

Монгол Улс яг одоо шийдвэр гаргах цэг дээр иржээ

Дэлхийн 83 улс электрон тамхийг ямар нэгэн байдлаар хуулиар зохицуулж байна. Үүнээс 46 улс бүрэн хоригложээ. Их Британи 2009 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдахыг бүх насаар нь хориглох бодлого зарласан. Австрали никотины хэрэглээгээ түүхэн доод түвшинд хүргэж чаджээ. Харин Монголд өнөөдөр насны хяналт огт байхгүй, онцгой албан татваргүй, амт оруулагчийн зохицуулалтгүй, сурталчилгааны бодлого тодорхойгүй, онлайн худалдааны хяналт огт байхгүй тул татвар ч төлдөггүй гээд тоочоод байвал барагдахгүй асуудлууд байна.

Дээр нь хамгийн хортой нь хүүхдэд чиглэсэн маркетинг тасралтгүй үргэлжилж байгаа явдал. Хүүхдүүд “тамхи татаж байна” гэж өөрсдийгөө төсөөлөхгүй байгаа нь хамгийн том аюул. Тэд “вейпдэж” байна гэж боддог, ярьдаг.

Өнөөдөр тэд, бид жимсний үнэртэй вэйп сорж байна гэж бодож байгаа. Гэхдээ цаанаа вэйп Монголын дараагийн үеийн уушги, тархи, эрүүл мэнд, эдийн засгийг сорсоор байна.





Төстэй мэдээлэл

“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР хамгаална”. Хүчтэй өгүүлбэр. Гэхдээ, “хоёр нүүртэй” өгүүлбэр. Учир нь Үндсэн Хуулийн энэ заалт хурдан морь унах ажил “эрхэлдэг, эрэмгий бяцхан жаалуудыг “тоодог” эсэх нь эргэлзээтэй. 2019 он. Жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон 57-р […]

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, […]

Дахин нийтлэв… ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр […]

“Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд ярьжээ.  Та 9 настайдаа ямар ажил хийдэг байсан бэ? “Хүүхэд ажил хийнэ гэж юу гэсэн үг вэ, сурч боловсрох, тоглож наадах, ээж аавдаа эрхлээд гүйж […]

UBN.mn, M21, Elch.mn зэрэг сайт “ҮХЦ: “Ерөнхийлөгчөөр 50

Товч агуулга: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ. Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх