Н.Хөхөө: Хүүхдийг хөнгөн байлгахын тулд “чишик” шиг юм өмсгөөд, шилбэ, гарыг нь хувцастай нь баглаад скочидчихсон байсан

СХД-ийн гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөөтэй унаач хүүхдийн асуудлаар ярилцлаа. Үндэсний баяр наадам болон хурдан морины бусад томоохон уралдаан Хүй долоон худагт болдог учраас Сонгинохайрхан дүүрэгт энэ асуудал илүү хамааралтай байдгийг тодотгох нь зүйтэй.

Өвөл, хаврын уралдаан бол Монголын уламжлал биш

-Өвөл, хаврын морин уралдаан уламжлалт соёл мөн үү? Энэ үеэр хүүхдийн эрх яг ямар байдлаар зөрчигддөг, мөн яагаад өвөл, хавар уралдуулахыг хориглох хэрэгтэй гэдгийг бодит кэйс, судалгаанд үндэслэн та тайлбарлаж өгөөч.

-Эрдэмтэд судлаад 1900 оноос өмнө өвөл, хаврын уралдаан зохион байгуулж байгаагүй, харин наадмаа хийчхээд намрын цагт морио уралдуулдаг байсан түүх шастир, сурвалжууд нь байгааг судлаачид гаргаад ирчихсэн. 

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. 

Морь уралдахыг ерөөсөө хориглоогүй. Засгийн газар болон хүүхдийн байгууллагаас “морь уралдуулж болохгүй” гэж өв соёлыг бүхэлд нь үгүйсгээгүй. Харин энэ хүйтэн цагт хүүхдээр унуулахгүй байхыг л хориглоод байгаа юм. Хэрвээ өвөл уралдах гэж байгаа бол 18-аас дээш насны, хөнгөн жинтэй, дадлага туршлагатай хүнээр унуулаад уралдах нь нээлттэй байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 18-аас дээш насны залуус морио унаж, тойруулга хэлбэртэй богино зайн уралдаан хийхэд бид хяналтаа тавиад, хууль зөрчихгүйгээр зохион байгуулж болсон.

Яагаад өвөл, хавар хүүхдээр морь унуулж болохгүй байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт, амь нас, эрүүл мэндийн асуудал яригдана. Сүүлийн жилүүдэд 47 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан байна. Саяхан л гэхэд хоёрдугаар сард, Цагаан сарын өмнөхөн Хөвсгөлд нэг хүүхэд “морины ажил хийх” нэрээр оролцож байгаад нас барсан харамсалтай явдал боллоо. Уралдаан байсан уу, сунгаа байсан уу гэдгийг нь тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа байх. Амь насаа алдах хэмжээний маш том эрсдэлтэй учраас л хамгийн эхэнд “үүнээс татгалзаач ээ, болиоч ээ” гэдэг юм. 

Хоёрдугаарт, хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх маш их алдагддаг. “Сургуульд нь явуулж байгаа” гэдэг ч яг үнэндээ нэр төдий, долоо хоногийн нэг, хоёр өдөр л явуулдаг байдал ажиглагддаг. Ингэснээр хүүхэд хичээлээсээ хоцорч, үеийнхээ хүүхдүүдийг гүйцэж чадахгүй болохоороо сургуульдаа явах дургүй болдог. “Би муу байна, хоцорчихлоо” гэдэг тэр мэдрэмжийг авах нь хүүхдийг суурь боловсролгүй үлдэхэд хүргэж байна. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал гишүүн Төв аймгийн нэг суманд уралдаан болсон өдөр 58 хүүхэд хичээлдээ ирээгүй гэж ярьсан нь тэнд морины ажил хийгээд явж байна гэсэн үг.

Нөгөө талаас, цаг уурын байгууллагаас гадаа -15 градус байна гэж мэдээлэхэд яг хүний бие, арьсанд мэдрэгдэх температур нь даруй -21 градус ч юм уу, зөрүүтэй байдаг. Гэтэл зарим хүн “-15 градус л байна шүү дээ, ямар сүртэй юм, хүүхэд хөлдчихгүй, осгохгүй” гэж ярьдаг. Гэвч тэр мэдрэгдэж байгаа температураас гадна салхи сөрж хэдэн километрийн хурдтай давхиж байгаа морин дээр явна гэдэг бол хүүхдийн гар, хөл хайрагдах, хацар, чих хөлдөх бодит нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг судлаачид хэдийн баталчихсан. Тийм учраас л өвөл, хаврын хүйтэн цагт хүүхдийг ерөөсөө морь унуулахгүй байя гэдэг асуудлыг яриад байгаа юм.

Зун, намрын дэлгэр цагтаа зөвхөн монгол адуугаа уралдуулдаг болбол хүүхдийн аюулгүй байдал хангагдах боломжтой 

Нөгөө талаас уяачид болон иргэдийн ярьдаг нэг асуудал нь “Яагаад сүүлийн жилүүдэд хүүхдүүд мориноос унаж амь насаа алдах нь ийм их болоод байна вэ?” гэж. Үүнийг зарим малчин, уяачид эрлийз морьтой холбож тайлбарладаг. Тэгэхээр хэрэв монгол өв соёлоо авч үлдье гэж байгаа бол эрлийз адууг хүүхдээр бус, насанд хүрсэн хүмүүсээр нь унуулдаг байх хэрэгтэй. Харин зун, намрын дэлгэр цагтаа, зөвхөн монгол адуугаа уралдуулдаг болбол хүүхдийн аюулгүй байдал хангагдах боломжтой гэж учир мэдэх настай уяачид маань хэлдэг. Нууцгүй шүү дээ, эрлийз адууг дандаа уураг, тариа, хүч тамирын бэлдмэлээр шахаж, бордож байж хурд хүчийг нь авхуулдаг. Тэгэхээр өв соёлоо хамгаалж байгаа бол зөвхөн цэвэр монгол адуугаа уралдуулах тал дээр анхаарах нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад маш чухал гаргалгаа болох болов уу.

Түүнчлэн зун, намрын цагт газар гэсчихсэн, хөрс нь зөөлөн, өвс ногоо ургачихсан байдаг тул хүүхэд мориноос уналаа гэхэд бага хэмжээний зулгаралт аваад харьцангуй мэнд гарах боломжтой байдаг.

Гэтэл хавар, өвлийн цагт газар тэс хөлдчихсөн, цас, мөс тогтоод бүр хатуу болчихсон байх үед хүүхэд унана гэдэг бол бэртэл гэмтэл авах эрсдэл нь маш өндөр.

Ийм учраас л цаг агаарын байдал, хүүхдийн амь нас, боловсрол, дээрээс нь унасан тохиолдолд бие организмд нь үүсэх шарх сорви, бэртэл гэмтлийн асуудлыг маш олон талаас нь судалж үзсэний үндсэн дээр хавар, өвлийн цагт хурдан морийг хүүхдээр унуулахгүй ээ гэдэг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргачхаад байгаа шүү дээ. Хүүхэд унах, унахгүйтэй холбоотой гол асуудлууд нь энэ юм.

“Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д “морины” ажил багтдаг

-Нөгөө талд нь хөдөлмөрийн мөлжлөг явагдах магадлал маш өндөр. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” гэж бий. Манай улс өөрөө Олон улсын хүүхдийн хөдөлмөрийн эсрэг конвенцод нэгдэн орсон. Энэ нь хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох амлалт, үүргийг олон улсын өмнө хүлээсэн гэсэн үг.

Хэрэв энэ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол олон улсын түвшинд асуудал яригдаж эхэлдэг. Жишээ нь, улсын зээлжих зэрэглэл буурах, хандив тусламж зогсох зэрэг сөрөг үр дагавартай. Энэ бүхэн хоорондоо холбоотойг тэр бүр сайн ойлгохгүй байх шиг байна.

Сайдын баталсан тэрхүү хориглосон ажлын байрны жагсаалтад хүүхдээр хурдан морь унуулахтай холбоотой малын ажил ордог. Тэгэхээр тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд гэдэг тоонд ороод явчихдаг юм шүү дээ.

Олон нийтийн сүлжээгээр уралдаанч хүүхэд авна, сарын тэдэн төгрөгийн цалин өгнө гэсэн зарууд явдаг. Энэ нь өөрөө хууль бус болчхож байна, тийм үү?

-Үүнийг судлахад ихэнх уяач “бид хангалттай цалин өгдөг” гэж ярьдаг. Насанд хүрсэн хүний өнцгөөс бодоод үзье л дээ. Та, би ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулж, сар бүр цалин авахаар тохирлоо гэхэд ажил олгогч цалингаа өгнө, нөгөө талаас ажилтан тодорхой үүрэг хүлээнэ. Гэтэл бид хүүхдийг ийм үүрэг хүлээгч болгочхоод байна шүү дээ. Хүүхдэд заавал хийх ёстой ажлууд оноож, тэр ажлыг нь хийлгэх гээд яг үнэндээ боловсролын үйлчилгээнээс нь таслаад байгаа хэрэг. Нөгөө талаас, бид уралдаан болохтой холбоотой гэрээнүүдийг шалгадаг. 

Эцэг эх, хүүхэд, уяач гэсэн гуравласан гэрээ байгуулж, сард өгөх хөлсийг тохирсон байдаг. Шалгаад үзэхээр гэрээн дээрх мөнгөн дүн нь 800 мянга, 1.5 сая гэж харагддаг ч яг үнэндээ “уралдаанч хүүхдэд сард тэдэн төгрөг олгоно”’ гэсэн тогтсон норматив байдаггүй. Хамгийн гол нь, тэр мөнгө нь хүүхдийн гарт яг очиж байна уу гэвэл бас үгүй байгаа юм.

Жишээ хэлэхэд, манай Сонгинохайрхан дүүрэгт авга эгч нь уяачаас тухайн хүүхдийг хурдан морь унуулж, морины ажил хийлгэж, тэднийд амьдруулна гэж тохирсныхоо хөлсөнд машин авсан тохиолдол хоёр жилийн өмнө гарсан. 

Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс, эсвэл ээж аав нь хүүхдийнхээ өмнөөс хөлсийг нь аваад өөрсдөө машин тэрэг аваад явчихдаг. Тэр мөнгөөрөө бүр архи дарс ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эрсдэлүүд ч байна. Мөн хөдөлмөрийн хөлс нь уяачаасаа шалтгаалаад янз бүр байна. Ингээд харахаар хөдөлмөрийн гэрээ гэдэг зүйл нь өөрөө хууль зөрчсөн, хөдөлмөрийн мөлжлөг хэлбэр рүүгээ явчихдаг. Ийм кэйсүүд их гарч ирж байна.

Ер нь уяач нар хүүхдүүдэд хэрхэн ханддаг вэ?

-Уяачид “Бид хүүхдүүдээ их хайрладаг, хамгаалдаг” гэж ярьдаг ч яг уралдаан дээр очоод уралдаанч хүүхдүүдтэй уулзахад асуудал өөр байдаг. Нэгдүгээрт, хүүхдүүдийн бие маш их шарх сорвитой байдаг. Хоёрдугаарт, “Тэр хүүхдийг хайхарч байна уу?” гэдэг асуудал. Гэтэл хайхрахгүй байгаа тохиолдлууд маш их гардаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөнгөн байлгахын тулд “шишик” шиг юм өмсгөөд, тэрийг нь тогтоохын тулд шилбэ, гарыг нь хувцастай нь баглаад скочидчихсон байх жишээтэй. Хүний эрхийн үндэсний комисс болон хүүхдийн байгууллагаас шаардлага тавьж, сүүлийн үед уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэлийн стандартыг Монгол Улсад мөрдөж байгаа. Гэвч стандартын хувцастай уралдаж байгаа ч тэр нь хуучирсан, “хагарчихсан, цоорсон” тийм хувцастай хүүхдүүд ирэх нь элбэг байдаг.

Хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн ар гэр дийлэнх нь амьдралын асуудалтай, эмзэг бүлгийн айлууд байгаа нь нууц биш. Өдрийн од шиг ганц нэг л тохиолдолд амьдралын боломжтой аав ээжүүд хүүхдийнхээ сонирхлыг дэмжээд унуулдаг. Бусад нь бол амьжиргааны түвшнээс доогуур, эцэг эх нь хайхардаггүй, эсвэл архины хамааралтай айлын хүүхдүүд голдуу байна.

Унаач хүүхдүүдтэй ажиллахад ер нь ямар байдаг вэ?

-Нэг хэцүү зүйл бол хүүхдүүдийн дадал зуршил, зан төлөвийн асуудал. Уралдааны өмнө биед нь үзлэг хийхэд гялгар уут, дурдан бүс, алд алдын урт сур, станц, гар утас гээд маш олон зүйл гарч ирдэг. Бүр “дусал” хүртэл гарч ирж байсан тохиолдол бий. Эдгээр нь бусад хүүхдэд эрсдэл учруулдаг. Өөрөөр хэлбэл, гялгар уут гараад ирэхээр морь үргэдэг шүү дээ. Урт урт сураараа ташраар нь ороолгох нь ч бий. Ингээд нөгөө талын морь унаад явж байгаа хүүхэд унах өндөр эрсдэлтэй.

Хүүхдүүдээс тамхи их гардаг. Бүртгэл хийхээсээ эхлээд танилцаад ярихад тухайн хүүхдүүдийн хүнтэй харилцаж байгаа харилцаа, ёс бус бүдүүлэг үг хэлж байгаа байдал нь хүмүүжил, ухамсар сэтгэхүй дээр нь огт ажиллаагүй, үл хайхарсан байдлыг л харуулж байгаа байхгүй юу.

Манай хүүхдийн байгууллагын хэлээд байгаа зүйл бол нэгдүгээрт амь нас, хоёрдугаарт эрүүл мэнд, тэгээд боловсрол, зан харилцаа, хүмүүжил. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг ерөөсөө л “ажилчин” гэж хараад, маш олон эрхийг нь зөрчөөд байгаа асуудлаар л бид  дуугарч яриад байгаа юм.

Би Хан-Уул дүүрэгт 10 орчим жилийн өмнө нэг кэйстэй таарсан буюу тухайн хүүхдийн тохиолдол дээр ажиллаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж байсан. Бид зөвхөн амь насаа алдсан хүүхдүүдийг яриад байдаг болохоос цаана нь хэчнээн хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа тахир дутуу болж байгаа асуудал орхигддог. Тухайн үед хувцас хэрэглэл, стандарт гараагүй байсан шүү дээ. Хүүхдүүдэд дугуйны каск өмсүүлчхээд бидний шаардлагыг үл тоон уралдуулдаг байсан. Гэтэл тэр хүүхэд мориноос унаад гавлын ясаа, тархиа нэлээн ноцтой хагалчихсан байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход тэр хэсгийн ясыг нь бүтэн авахаас өөр аргагүй болсон. Гавлын ясыг нь бүгдийг нь авчихсан учраас жаахан доргилт, гаднын ямар нэг нөлөө авахад л тархи нь шууд хамгаалалтгүй байна гэсэн үг шүү дээ. 

-Хүүхдийн энэ олон эрхийг зөрчиж байгаа асуудал өөр ямар хор уршигтай гэж та үздэг вэ?

-Энэ хүүхдүүд 15-20 жилийн дараа насанд хүрсэн иргэн болно. Холын үр нөлөөг нь бодвол боловсролын асуудал маш чухал. “Малчин эрэгтэйчүүдэд эхнэр олдохгүй байна” гэж их ярьдаг. “Хүү яах вэ, мал дээрээ аргаа олно, охин хүүхдийг л сургахгүй бол болохгүй” гэдэг жендерийн хандлагаас болоод л энэ асуудал үүссэн.

Боловсролын ялгаатай хосуудын амьдралд хандах хандлага зөрөөтэй болж, гэр бүл дотор асуудал гарч эхэлдэг. Гэр бүлийн салалт ч үүнээс улбаатай. Тэгэхээр нийгмээрээ халаглаж, эмэгтэйчүүдийг муулаад байх биш, тэр эрэгтэй хүнийг боловсролтой болгоход бид юу хийсэн бэ, яагаад сургууль завсардуулж, мал дээр гаргасан бэ гэдэг гол асуудлаа эргэж харах хэрэгтэй.

Өв соёлоо бол бид хаяагүй ард түмэн. Зун, намар хаа сайгүй уралдаан болж л байгаа, тэрийг хэн ч хориглоогүй. Өвөл, хавар уралдахгүй болчихоороо энэ өв соёл тасалдах гээд байгаа юу гэвэл үгүй шүү дээ. Адуутай, адуучинтай холбоотой соёлоо түгээн дэлгэрүүлэх “Адуучин” уралдаан, жороо морь шалгаруулах гээд олон арга хэлбэр байна.

Хавар, өвлийн уралдаан хийх эрх нь хэрээв, хүүхэд унуулахгүй л гэсэн байгаа. Гэтэл эргээж сэргээх талаар төрийн өндөр түвшинд яригдаад эхэлсэн. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Өвөл, хаврын уралдаан бол хүүхдийн эрхийн зөрчил мөн гэдэг дээр маргах хэрэггүй. Энэ асуудал шат шатны шүүхээр ороод “болохгүй юм байна” гэдэг нь тогтоогдсон. Засгийн газрын өмнөх тогтоол нь Үндсэн хууль, олон улсын конвенцыг зөрчсөн гэдэг шүүхийн шийдвэр гарчихсан. Тийм болохоор “хаврын уралдааныг сэргээнэ” гэж зарим улс төрчид ярих нь ямар ч боломжгүй. Эрдэмтдийн судалгаа, эрүүл мэнд, хүүхдийн эрхийн бүх талын үндэслэл нь тодорхой болсон учраас энэ бол цэг тавьчихсан сэдэв.

Төстэй мэдээлэл

Өндөр хөгжилтэй орнуудын ахмад настан гавьяаныхаа амралтаар дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй. Хуримтлал, тэтгэвэр нь амьдралын эрх чөлөөг гар газар, хөл хөсөр эдлэхэд хангалттай хүрэлцэх аж. Харин манай улсын ахмад настнууд хувийн жаргалаа бодох сөхөөгүй, хоногийн хоол, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовнин, даатгалаар хөнгөлөлттэй авдаг эм тариагаа бичүүлэхээр өрхийн эмнэлгийн үүдэнд өглөө эртлэн хүлээж зогсдог нь харамсалтай.  […]

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Бага насны хүүхдийн өдөрт авах сахрын хэмжээ 5 гр. Гэтэл дээрх бэлэгнүүдэд агуулагдаж буй сахар хамгийн бага нь 147 гр, хамгийн их нь 383 гр сахар байгаа юм. Тодруулбал, 147 гр сахар агуулсан бэлгэнд 29 өдөр авах сахар байгаа бол 383 гр сахар агуулсан бэлэнд 76 өдөр авах сахрын хэмжээг агуулжээ. Эдгээр дээр нэмээд тосны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх