Тэтгэврийг яаж тогтоодог вэ?

Жил бүр Монгол Улсад ойролцоогоор 30 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгодог бол 20 мянга орчим ахмад нас бардаг гэсэн дундаж статистик байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдын бодит тоо жилд дунджаар 10 мянгаар нэмэгдэж, 2025 оны байдлаар 518,700 хүн өндөр насны тэтгэвэр авч байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээс харж болно.

Ахмадуудын дунд “яагаад зарим хүний тэтгэвэр өндөр, яагаад заримынх нь маш бага байдаг вэ?” гэсэн асуулт тасардаггүй. Тэтгэврийн хэмжээ юунаас шалтгаалдаг вэ гэдгийг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын Тэтгэврийн даатгалын бодлогын хэрэгжилт хариуцсан Ахлах мэргэжилтэн Э.Сосорбурамаас тодрууллаа.

Тэтгэврийн хэмжээ хэрхэн тогтох нь үндсэндээ хоёр зүйлээс шалтгаалдаг.

  • Нэгдүгээрт, хэдэн жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн
  • Хоёрдугаарт, ямар хэмжээний цалингаас шимтгэл төлсөн

Илүү олон жил, өндөр цалингаар шимтгэл төлсөн бол тэтгэвэр өндөр тогтоож байна. Харин олон жил ажилласан ч цалин бага байсан бол тэтгэвэр бага байх магадлалтай. Энэ зөрүүг багасгахын тулд сүүлийн жилүүдэд “итгэлцүүр” гэж нэрлэдэг зохицуулалтыг нэвтрүүлсэн талаар Э.Сосорбурам тайлбарлалаа.

Итгэлцүүр гэж юу вэ?

Итгэлцүүр гэдэг нь өмнөх жилүүдийн цалинг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэн өсгөж тооцохарга юм. Жишээлбэл, 1990-ээд онд 1000 төгрөгийн цалин авч байсан бол түүнийг өнөөгийн ханшид нийцүүлэн хэд дахин өсгөж бодно. Итгэлцүүрийг Засгийн газар жил бүр шинэчлэн баталдаг болсон нь даатгуулагчдад илүү ашигтай өөрчлөлт хэмээн үзэж байна. 

Бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр

Өндөр насны тэтгэврийг хоёр өөр байдлаар тогтоодог.

  • Бүрэн тэтгэвэр
    20 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн бол сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн дундаж цалингийн 45 хувиар тооцож тэтгэврийг тогтооно. 20-оос илүү ажилласан жил бүрд 1.5 хувь нэмж тооцож байна. 
  • Хувь тэнцүүлсэн тэтгэвэр
    10–19 жил шимтгэл төлсөн буюу 20 жилдээ хүрээгүй иргэдэд энэ зохицуулалт хамаарна. Ийм тохиолдолд нийт шимтгэл төлсөн сар, цалингийн хэмжээнд тулгуурлан тусгай томьёогоор боддог байна.

2025 онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 579,000 төгрөг байна. Хэрэв тооцооллоор үүнээс доогуур гарвал доод хэмжээгээр нь тогтоодог. 

Цалинд суурилсан энэ аргаас гадна даатгуулагчийн нэрийн дансны арга гэж бий. Хуримтлуулсан мөнгөө хожим ашиглах нь шударга хэмээн үзэж, 1999 онд хууль баталж, 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүсийг нэрийн дансаар тэтгэвэрт гарах нөхцөлийг бүрдүүлсэн ч бодитоор мөнгө хуримтлагдаагүй тул тус хуулийг хүчингүй болгож, 1979 оноос хойш төрсөн хүмүүсийг нэрийн дансанд хамруулах зохицуулалтыг бий болгосон. Иймд 1979 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд төрсөн даатгуулагч цалинд суурилсан эсвэл нэрийн дансны аргын аль нэгээс нь сонгож тэтгэвэр тогтоолгох боломжтой ажээ.

Яагаад цэргийн тэтгэвэр өндөр байдаг вэ?

Олон нийтийн дунд хамгийн их маргаан дагуулдаг сэдэв бол цэргийн тэтгэвэр. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс санхүүждэг, бие даасан хуулиар зохицуулагддаг.

Тэтгэврийг нь сүүлийн 20 жилийн доторх тасралтгүй 5 жилийн дундаж цалингийн 80 хувиар боддог тул бусад салбараас илүү өндөр гарах нь элбэг ажээ.

Давхар ажил хийвэл тэтгэвэрт нөлөөлөх үү?

Нөлөөлнө. Хүн үндсэн ажлынхаа хажуугаар давхар ажил хийж, хоёр газраас цалин авбал тэтгэвэр тогтоолгох үед хоёр цалинг нийлүүлж тооцдог. Ингэснээр тэтгэвэр арай өндөр гарах боломжтой.

Тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох эсвэл, үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, 65 нас хүртлээ ч ажиллаж болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй ч ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай бол үргэлжлүүлэн ажиллаж болно. Харин ажиллаж буй байгууллага нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтан гэдгээр тайлангаа өгөх ёстой юм байна.

“Ингэж ажиллахдаа тэтгэвэр дээрээ ажилласан сар бүрдээ 0.125 хувь, жил тутамд 1.5 хувийн нэмэгдэл тооцуулах бөгөөд уг нэмэгдлийг зөвхөн даатгуулагчийн өөрийнх нь гаргасан хүсэлтэд үндэслэн Нийгмийн даатгалын газраас өөрчлөн тогтоодог” хэмээн Э.Сосорбурам хэлэв.

“Хэдхэн жил шимтгэл төлөөд тэтгэвэр авчихаж болдог” гэсэн ойлголт үнэн үү?

Үгүй. Богино хугацаанд шимтгэл төлбөл тэтгэвэр бага тогтоогдоно. Нийгмийн даатгал нь хуримтлал биш, харин нас, хөдөлмөрийн чадвар, амьдралын эрсдэлтэй холбоотой баталгаа юм. Иймээс шимтгэлийг тасралтгүй, бодит цалингаасаа төлөх нь ирээдүйн тэтгэврийн гол үндэс болдог.

Тэтгэвэр хэдэн жил аваад нас барж байгааг албан ёсоор тооцож гаргаагүй ч Засгийн газраас жил болгон батлагддаг “дундаж хугацааны илэрхийлэл” буюу эрэгтэй хүний тэтгэвэр авах дундаж хугацааг 15, эмэгтэй хүнийхийг 22 жил гэж тооцдог байна.

Тэтгэвэр бол гэнэт гарч ирдэг мөнгө биш. Ажилласан жил, авсан цалин, төлсөн шимтгэл гурвын шууд үр дүн юм. Өнөөдөр бага санагдаж буй НДШ маргааш тогтмол орлого болон эргэж ирдэг гэсэн үг.

“Тиймээс иргэн үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ-ээ төлөх ёстой. Эргээд энэ нь бидэнд тэтгэвэр, тэтгэмжийн төлбөрийн хэлбэрээр өгөөж өгдөг. Нэг газар төлөөд л орхичихдог зүйл биш” гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

Төстэй мэдээлэл

Хурдан морины хаврын уралдааныг сэргээх нь зөв, уламжлалаа дээдлэх хэрэгтэй гэдэг нэг тал, хүүхдийн эрх амь насанд хүртэл ноцтой зөрчигдөж байна гэсэн хоёр талд нийгмийг хуваагаад байгаа энэ сэдэв дээр гарц шийдлийг эрэлхийж бид гуравдугаар сарын турш энэ сэдвийг олон талаас хүргэх болно.  Монгол бол эртнээсээ мал аж ахуйн нүүдэлчин соёлтой ард түмэн гэдэг утгаараа […]

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал […]

Цэмбийтэл цэвэрлэсэн анги, ханаар нь дүүрэн үзүүлэн, тараах материал, хөөрхөн жижигхэн сандал, ширээ жирийтэл өрөөстэй. Уг нь энд хүүхдийн дуу цангинаж, Улаанбаатарын утаа, гэртээ тулгарах том, жижиг асуудлуудаас түр ч гэсэн холдоод эрдэм номд шамдаад сууж байх ёстой юм. Гэтэл гар дээрээ 1,480,000 төгрөгийн үндсэн цалин авдаг багш нар илүү цаг ажиллаад ажиллаад хоёр сая […]

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан хэдий ч эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам хэмээх өв соёлоо өөрийн биеэр тээж, хойч үедээ уламжлуулахыг чухалчилж, өнөөдрийг хүртэл монгол адуугаа хамгаалан, генийг нь хадгалахын төлөө тууштай явж буй уяач хүн. Ц.Дуламсүрэн бол Монгол Улсын […]

Хур бороо, хуй салхи ээлжилсээр зуны сар хэдий нь дундаа оржээ. Дэлгэцийн ард өнгөрүүлэх урт өдрүүдээс түр ч болов холдоод өөрийн дотоод ертөнц шиг өвөрмөц хийгээд өнгөлөг газар эморохыг хүсвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хэрмэн цавыг зориорой. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 400 орчим километр, харин Улаанбаатар хотоос 870 гаруй километр зайд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх