“Бид үсгээ үзээд дөнгөж эхэлж байсан, одоо хувийн сургуулиуд бараг үзээд дуусаж байгаа байх”

Цэмбийтэл цэвэрлэсэн анги, ханаар нь дүүрэн үзүүлэн, тараах материал, хөөрхөн жижигхэн сандал, ширээ жирийтэл өрөөстэй. Уг нь энд хүүхдийн дуу цангинаж, Улаанбаатарын утаа, гэртээ тулгарах том, жижиг асуудлуудаас түр ч гэсэн холдоод эрдэм номд шамдаад сууж байх ёстой юм. Гэтэл гар дээрээ 1,480,000 төгрөгийн үндсэн цалин авдаг багш нар илүү цаг ажиллаад ажиллаад хоёр сая төгрөг хүрэхгүй цалинтай байхад яаж бүх сэтгэлээ хүүхдүүдийн боловсролд 100 хувь зориулж чадах билээ. Харин нөгөө талд “Маргааш сургууль, цэцэрлэг орох уу, ажилдаа явахдаа хүүхдээ яах вэ, ер нь хэзээ орох юм бол, одоо өөрсдөө гарч багш нартай хамт жагсах уу, хичээлийн хоцрогдлоо нөхөх гээд хүүхдүүдийг хичээлээр шахах байх даа, хичээлийн амралт нь богиносох байх даа, зун сунаж хичээллэх вий дээ…” гэцгээсэн эцэг, эхчүүд. Ах эгч нь дүүгээ, өвөө эмээ нь ач зээгээ, зарим нь ч бүр өөрөө өөрийгөө хараад гурав дахь долоо хоногтоо орлоо.

Нэг талаас багш нар “Цалинг энэ онд багтааж 3.5 сая төгрөг болгохгүй бол хичээлээ заахгүй” гээд нөгөө талд “Ингэж огцом нэмэх ямар ч боломж байхгүй” гээд өөд өөдөөсөө хараад суусаар иймдээ тулаад байгаа билээ. Улсын сургуулийн багш нар ажил хаяад ийн гурав дахь Даваа гарагийг угтаж байна.

Хотын төв талбайгаас 16 км зайтай, нийслэлийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуульд хамран сургах тойргоороо БЗД-ийн 28 дугаар хорооны хүүхдүүд суралцдаг. “Хужирбулангийн 120” гэхээр хүмүүс андахгүй. Тус сургууль 53 багш, 1,500 орчим сурагчтай. Хотын захын дүүрэг, хороодын сургууль бол хүүхдүүдийн хувьд хамгийн таатай, тухтай, бас аюулгүй орчин нь билээ. Харин багш нар нь ажил хаяснаас хойш сургууль хов хоосон, нам гүм. Тус сургуульд очиход багш нар нь зохион байгуулалтад орж, хуулийн дагуу ажил хаялтаа үргэлжлүүлж, сургуулийнхаа нэгдүгээр давхарт сууцгаажээ. Хэн ч анги руугаа орохгүй, бас сургуулиас гарахгүй. Хотын төвөөс зайтай энэ сургуульд энд амьдардаг багш нараас гадна бүр нөгөө захаас ч ирдэг багш бий. Ийм хол явж хүүхдүүдэд хичээл зааж байгаа шалтгаан нь ойрхон амьдарч байхдаа анги даагаад авчихсан, тэр ангиа төгсгөх хүртлээ ажиллахаар шийдсэнийх хэмээн учирлана. Түгжрэлтэй өдөр бол ажлын нэг өдрийнхөө тэн хагасыг замд өнгөрөөдөг аж. Гэвч хичээл орж буй үед түгжрэлгүй өдөр гэж бараг байхгүй. Зарим нь Улаанбаатар өнөөдрийнх шиг түгжрэлгүй байхад ажилд орж, олон жил ажиллаж байгаа багш нар учраас ажлаа солих тийм ч амар биш аж. Үүнээс гадна холоос явдаг зарим багш нар юу юугүй ажлаасаа гарчихгүй байгаа нэг шалтгаан нь хамт олон гэж чухал зүйл байгаа учраас тэр гэцгээв.

“Хүүхдүүддээ хичээлээ ормоор л байна. Гэхдээ бид амьдрах хэрэгтэй. Сарын энэ жаахан цалингаар өөрсдийнхөө амьдралын асуудлыг шийдэж хүрэхгүй байж яаж хүний хүүхдэд ирээдүйд асуудлаа шийдэх талаар заагаад зогсох билээ, сонин ойлголт биш гэж үү” хэмээн надад хандан ярих багш нарыг хараад хэлэх үг олдсонгүй. Ийм байдалд хүргэсэн төрийн буруу бодлого, шийдвэр гаргагчдад бухимдахгүй байх аргагүй тул дэмий л толгой дохиж, сонсохоос өөр юу ч хийж чадахгүйдээ мөн гутарч байлаа. Өөр яаж ч чадах билээ.

Бага ангийн нэгэн багш “Улсын сургууль хувийн сургуулиас хичээлийн хөтөлбөр арай өөр. Тэр ч утгаараа сая нэгдүгээр ангийн хүүхдүүддээ зурлагаас эхэлж хичээл ороод хоёр үсэг үзээд л ийм зүйл болчихлоо. Одоо тэд маань мартахаас гадна хичээлийн хоцрогдол үүсэж эхлэх нь. Хувийн сургуулиуд аль хэдийн бараг үсгээ үзээд дуусаж байгаа. Гэтэл бид үсгээ дөнгөж үзэж байтал ажил хаялт эхэлсэн. Хэдийгээр шавь нартаа хичээлээ заамаар байвч эхлээд багш нар амьдрах наад захын хэрэгцээгээ хангах хэмжээнд байж ажлаа хийхээс өөр аргагүй байна” гэсэн юм.

Харин англи хэлний багш Г.Мягмарзаяа “Дунд, ахлах ангийн, аав ээж нь анхаардаг хүүхдүүд хичээлдээ илүү анхаарч, санаа тавьдаг. Хичээл орохгүй байгаа энэ үеэр онлайнаар бие даан суралцах, эсвэл ямар нэг сургалтад хамрагдаад явж байгаа байх. Харин асран хамгаалагчийн хараа хяналт сул, гэр бүлдээ ямар нэг асуудалтай, заавал багшийн тусламжтай хичээлээ үзэж байсан хүүхдүүд хоцрогдолд ороод эхэлнэ. Энэ мэт асуудлууд их байгаа учраас багшийн цалинг хурдан шийдвэрлээсэй гэж хүсэж байна” гээд санаа алдав. Тэрбээр нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг Монголын залуу гэр бүлийн нэг. Нөхөр нь бас багш байсан. Багшийн цалин амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байсан тул нөхөр нь хувийн бизнес эрхэлж,  өөрөө цалин бага ч дуртай мэргэжлээрээ ажиллах гэр бүлийн шийдвэр гаргажээ. Энэ мэтчилэн багш нарт асуудал зөндөө бий ч тэд хичээлээ ормоор байгаа нь нүднээс нь илт.

Хариуцсан салбарын сайд П.Наранбаяртай Сангийн сайд Б.Жавхлан хамт сууж байгаад мэдээлэл хийхдээ “Шинэ залуу багш нарын үндсэн цалин 1,480,000 төгрөг. Үүн дээр илүү цагийн болон бусад урамшууллаа нэмээд 2.6 сая төгрөгийн цалин авч байгаа” гэж хэлсэн. Гэтэл яг начир дээрээ бидний сурвалжилга хийсэн сургуульд л гэхэд 2.6 сая төгрөгийн цалин авдаг залуу багш нэг ч байсангүй. Тэр битгий хэл 10-аас дээш жил ажиллаад зэргийн болон бусад байж болох бүхий л нэмэгдлээ тооцуулаад 2.6 сая төгрөгийн цалин авч байгаа багш энэ сургуульд цөөхөн хэд л байв. Тэгэхдээ 10-аас дээш жил ажилласан, тэргүүлэх зэргийн нэмэгдэл, анги даалт, илүү цаг гээд 2.6 сая төгрөг авахын тулд олон шалгуур хангах шаардлагатай байдаг байна. Багш болгон тэргүүлэх зэрэггүй, багш болгон анги дааж авахгүй. Тиймээс 10-аас дээш жил ажилласан багш болгон тийм цалин авдаггүй гэсэн үг. Тухайлбал, дээрх 120 дугаар сургуульд 14 дэх жилдээ ажиллаж буй дизайн, технологийн багшийн үндсэн цалин 1,480,000 төгрөг. Технологийн эрэгтэй багш байхгүй тул илүү цагаар орлож заагаад, нэмэгдэлтэйгээ нийлээд 2 сая гаруй төгрөг болдог. Түүнээс татвар, нийгмийн даатгал хасагдаж гар дээрээ ойролцоогоор 1,800,000 төгрөг авдаг хэмээн тайлбарласан. Нийгмийн ажилтан, нягтлан, нярав гээд захиргааны ажилтнууд бол бүр ч нэмэгдэлгүй аж. Сайд нар нь олон нийтийн өмнө нийт залуу багш нарыг 2.6 сая төгрөг хүргэж авдаг, олон жил ажилласан багш нар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа гэж хэлээд сууж байгаа нь магадгүй цөөн хэдхэн багшийн цалингийн хэмжээ байж болох ч энэ нь нийт багшийн цалин мэтээр төөрөгдүүлсэн мэдэгдэл ба санаатайгаар худал мэдээлэл тарааснаас ялгаагүй мэт.

Цэмбийтэл цэвэрлэсэн анги, ханаар нь дүүрэн үзүүлэн, тараах материал, хөөрхөн жижигхэн сандал, ширээ жирийтэл өрөөстэй. Уг нь энд хүүхдийн дуу цангинаж, Улаанбаатарын утаа, гэртээ тулгарах том, жижиг асуудлуудаас түр ч гэсэн холдоод эрдэм номд шамдаад сууж байх ёстой. Гэвч тэд эхний сар хагас үзсэн зурлага, хэдэн тоо, үсгээ холихыг нь холиод мартахыг нь мартаад гэртээ сууж байна. Гэхдээ тэр хүүхдүүд ямар ч буруугүй. Харин хотын урд хэсэгт байрлах хувийн сургуульд өглөөний 08:00 цагийн орчимд том машинууд гадаа нь багшралдан, дотор нь эрч хүчээр дүүрэн хүүхдүүд инээж баясан суудлаа эзэлцгээнэ. Тэр хүүхдүүд ч бас буруугүй.

Ийм ялгаатай нийгмийг бий болгосон “том”-чууд энэ байдлаа улам хүндрүүлж, тэгш бус байдлыг илүү гааруулахгүйн тулд тодорхой шийдэл хурдан гаргаасай.

Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс […]

Товч агуулга: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ. Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро […]

“…Вакцины хоруу чанар маш их нэмэгдэж, мөнгөн ус болон хүнд металлын орц агуулж, хуучныхтай огт адилгүй болсныг бүх дэлхийгээрээ ярьж бичиж, манайхаас бусад бараг бүх хэл дээр эрдэмтэн эмч судлаачид нь ном, нийтлэл бичиж, барууны эцэг эхчүүд нь зөндөө эсэргүүцэж тэмцээд байхад гуравхан сая бид мэдрэлгүй мэт гөлийгөөд геноцид хийлгээд байх уу?????!!!!!…” Энэхүү агуулгыг нягтаж […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх