“Шарилжтай хашаа байснаас хүнсний ногоогоо тарьчихдаг, ядахдаа нэг модтой, цэцэгтэй хашаа байгаасай”

Халуунаар шарах нар газрын хөрсийг улам гандааж, хааяа нэг сэвэлзэх салхинаар өлөн тоос суунаглана. Хаа хамаагүй хатгасан улаан хүрэн банзан хашаанууд уйтай гэмээр хувхайрч үзэгдэх, гудамжаар хөнгөн тэрэг, хүн зоны хөлөөр гарсан шороон замыг туучсаар 3 давхар байшинтай, байшингаасаа ч өндөр сүндэрлэх мододтой айлд ирлээ. Энэ бол Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У. Мижиддоржийнх.

 Саарал гудамжны өнгийг сөрөн сүндэрлэх тэдний хашаа цаанаа л өнгөлөг. Өнгө өнгөөр алаглах олон төрлийн цэцгээр гэрийнхээ үүдийг чимж, бяцхан цэцэрлэгт хүрээлэнг өөрсдийнхөөрөө бүтээжээ. Хашаанаас байшин руу орох нэг л замыг засаж янзалсан агаад түүнээс бусад бүх хэсгийг ногоон байгууламж эзэлнэ. “Өөдлөх айл үүднээсээ” хэмээн сургаж, орчин тойрноо ямагт цэвэр цэмцгэр, сайхан байлгахыг үргэлж зааж, үлгэрлэж ирсэн уламжлал, монгол хүний хөдөлмөрч зан чанарын бодит биелэл У.Мижиддоржийн хашаанаас нэвт шувт харагдана. 

Тэр бол багш, тариаланч, уяач бас…

Хүн бүрийн амьдралын түүх арвин баялаг ч зарим нэгнийх нь бүр ч онцгой аж. Тийм нэгэн онцгой түүхийг бүтээж буй гол хөшүүрэг нь тухайн хүний хөдөлмөрч, зүтгэлтэй чанар хийгээд “залхуу хүн төвөгшөөмөөр” тууштай зан байх. У.Мижиддорж 1987 онд Ленинградад биеийн тамирын багш дасгалжуулагчаар сурч төгсөөд төрөлх нутаг Сэлэнгэ аймгийн Баруунхараад зургаан жил багшилжээ. “Тухайн үед, зах зээлийн нийгмээс өмнө багш гэдэг хамгийн хүндтэй, өндөр цалинтай мэргэжил байлаа. Гэвч цаг үе өөрчлөгдлөө. Амьдрал ч тийм амар байсангүй. Дэлгүүрийн лангуу хоосон, атга гурил ч олдохтой үгүйтэй картын барааны эрин үед олон хүүхэдтэй залуу гэр бүл тэр шуурганд өртөж байгаа юм” хэмээн өнгөрсөн амьдралаа хүүрнэв. 

Тэрбээр бусдын адил наймаанд хэд хэдэн удаа явсан ч эцэст нь тариалангийн өлгий нутаг Сэлэнгэдээ тариа ногоо тарихаар шийджээ. “Газар тариалан гэдэг найдвартай арга шүү дээ. Улаан буудай тарьдаг хувийн компани байгуулаад 12 жил зүтгэсэн. Энэ хугацаанд газраа бага багаар тэлсээр 1050 га талбайтай, сумандаа тэргүүлэх дөрөв дэх компани болгож чадсан. Аймгийн аварга тариаланч, сумын хошой аварга болтлоо явсан даа. Би зүгээр байж чаддаггүй хүн. Олдсон ямар ажил байна хийж ирсэн. Одоогийн энэ хашаандаа хэдэн мундаг нохой аваад гахай тэжээж үзлээ, бүр болоогүй эндээ уралддаг морио хүртэл тэжээж үзсэн. Би ч их юм хийсэн. Тэгээд л энэ хавьд чинь гахайчин, уяач, багш, цахилгаанчин, жимс ногоо тариад тариаланч нэр авлаа. Ядахдаа өнөөх нохой маань хүн ураад танхай нэр хүртэл зүүж байсан даа” хэмээн үүх түүхээ тоглоом болгон ярих нь сонирхолтой. Түүнчлэн том тэргээр элс, нүүрс зөөж, шуудайлан зарахаас эхлээд түүнд хийгээгүй ажил үнэхээр үгүй аж. “Биеийн тамирын багшийн орон тоо байгаагүй учраас  21-р сургуульд цахилгаанчаар орсон юм. Хүн ер нь олдсон ажлыг гололгүй хийх ёстой гэж боддог. Тэр үед манай сургууль шинээр баригдаад нээлт нь боллоо. Би ч хөөрөөд шинэ сургуулийнхаа гадна талын ногоон байгууламжийг бүхэлд нь хариуцна аа, хашаа шигээ гоё болгоно гээд ам гараад. Нэгэнт хэлчихсэн болохоор дараа жилээс нь шууд л ажилдаа орсон. Газраа янзалж эхлээд л хөрсийг нь сайхан сийрүүлээд, зэрлэг ургамлыг нь тасдаад зун нь өөрөө очиж усална. Өөр хүмүүсээр услуулахаар усалсан ч юм уу, үгүй ч юм уу болгоод хаячих гээд байдаг” гэлээ. Ингэж л хөдөлмөрлөж, хэдэн зун ноцолдсоны үр дүнд “Шилдэг эко сургууль” гэсэн шагнал авсан түүхээ тэрбээр хуваалцсан. 

“2012 онд яах ч аргагүй амьдралын эрхээр компаниа зараад Улаанбаатарт нүүж ирэхэд Чулуун овооны энэ хашаа ерөөсөө л шар шавартай, чулуутай, нэг балгас шиг байшинтай газар байсан юм. Нэгэнт хотод нүүгээд ирчихсэн болохоор найз нөхөд их ирнэ. Банз нь сарайчихсан, хашаагаар нь дүүрэн шарилж ургачихсан айлд хүн орвол ямар сэтгэгдэл төрөх вэ. Харин цэцэг ногоо нь алаглачихсан, сайхан өрсөн помидороор дайлж байгаа айлд орж ирвэл шал өөр шүү дээ.  

Энэ хашаанд юм тарихын тулд хөрсийг нь заавал боловсруулах шаардлагатай байсан. Хүүхдүүдтэйгээ нийлээд газрыг нь 2 метр орчим ухаж, орны пүрш тавьж байгаад чулууг нь шигшиж авсан. Тэгэхээр хашаанаас шороо багасчихна. Яг тэр үед Налайхын зам засаж байсан юм. Налайхын замын хөвөөний бор шороог зөөж байсан жолооч нарт 30-40 мянган төгрөг өгч, хэд хэдэн машинаар авчирч буулгасан. Учир нь өвс ногоо ургаж байсан хөрс бол ногоо заавал ургадаг юм” гэж ярив. Энэ мэтээр хоёр жилийн турш зүтгэж, хөрсийг нь багсарсаар ямар ч ургамал ургах бүрэн бололцоотой, сайхан ялзмаг хөрс болгон хувиргажээ. Агрономичдын ном уншиж цуглуулсан туршлагаараа хотын хашаандаа диваажин байгуулсан нь энэ ажээ. Амьдрал түүнд амар замаар ирээгүй.

“Анх ирэхэд балгас шиг байсан байшингаа дулаалах гэж хэдэн жил зовсон, хэд хэдэн удаа хөлдөөгөөд, нүүрсээр халаах гээд хар хөлсөө цувуулаад л, арга ядаад таван ханатай гэр хүртэл барьсан. Өнөөх чинь бууж өгөхгүй дараа өвөл нь цахилгаанаар халдаг болгоод, одоо бол манайх төвлөрсөн шугамд холбогдчихсон. Ороод ирвэл орон сууц шиг л дулаахан бүх зүйл нь бэлэн, товч дараад л гараашаа онгойлгоод машинаа тавьчихна. Жаргалтай амьдарч байна. Яах вэ хүнд чинь тэтгэвэр бага, цалин мөнгө хүрэхгүй, дээр нь өр зээл гээд л бухимдах зүйл зөндөө байгаа шүү дээ. Тэр үед л хүүхдүүд минь тусалдаг даа”. 

Хөрс сайн бол газар багадахгүй

Мод тарина гэдэг олон жилийн уйгагүй хөдөлмөр.

Газар нүхлээд бортогтой модоо суулгах хэдий амархан ч гэлээ түүнийг газрын хэвлийд бойжуулсан цагаас эхлээд цаг ямагт харж хамгаалж, тордож байх шаардлагатай. Яг л эцэг эхчүүд үр хүүхдүүдээ цаг үргэлж анхаарч, хайрлаж байдаг шиг. Мижиддорж тарьсан модоо яг л үр хүүхэд шигээ санана.

“Баянзүрх хайрханы тэнд олон сайхан мод тарьсан юм. Тэрийг хатчихсан байна гэж зүүдлээд. Тэгээд л баруун талынхаа айлаас машиныг нь гуйж аваад 1 тоннын саванд ус дүүргээд, нэг найзыгаа дагуулаад бид хоёр явлаа. Их сонин, нээрээ л хавар тариад явсан моднууд шарлаад, хөрс нь агаар аваад тиймхэн болчихсон байв. Бүгдийг нь сайхан услаад, нөхөн сэргээлт хийсэн. Ингээд бодохоор энэ мэт байгальдаа ээлтэй үйлдлүүд хүний амьдралд сайнаар нөлөөлдөг байх гэж боддог” гэх түүний ярианаас хүн байгаль хүйн холбоотой гэдэг нээрэн л үнэн юм даа гэх бодлыг төрүүлсэн юм. 

“Өнөөдөр энэ айлууд газарт орох гээд чичрээд байна шүү дээ. Нэг, хоёр өрөө байранд орчих юм сан гээд, байранд орж байгаа хүмүүсийг гомдоох гээгүй л дээ. Гэхдээ хүн ер нь хашаа хороогоо улсын орон сууц шиг дулаахан, усанд орчихдог, нойлтой, цэвэрхэн болгох бүрэн боломжтой. 

Би хашаагаа сайхан болгох гэж ингэж их зүтгэсэн юм чинь эд нарт амархан бууж өгөөд, дөрвөн хананы дунд орохгүй. Би чинь бас өмчтэй хүн. Нийгэмд, өөрийнхөөрөө орчноо бүрдүүлээд амьдрах хуулийн дагуу эрх бидэнд бий шүү дээ. Манайхыг хүчээр тарааж, газрыг маань аваад явчихгүй л бол би энэ ногоон байгууламжтай, модтой сайхан орчиндоо л амьдарна. Тэр ч бүү хэл энэ байшингийнхаа татгнаас үсрээд буухад усан бассейнтай болчихсон баймаар санагддаг. Өглөө нойрмог босож ирэнгүүтээ нэг үсрээд бассейндаа орж сэргээд, яг кинон дээр гардаг шиг тийм л амьдралаар амьдармаар санагддаг юм. Ер нь хүн болгон над шиг ингэж бодож, хашаа хороондоо сайхан амьдрахыг хичээдэг бол Монгол Улс маань хөгжинө шүү дээ. Бид хаа явсан газраа нэг нэгнээсээ жишээ аваад, сайхан модоо тариад, цэцэг ногоогоо тариад, амьдрал ахуйдаа хэрэгтэй хүнснийхээ ногоог тариад явах хэрэгтэй.

Шарилжтай хашаа байснаас хоолныхоо сонгино, төмс ногоотой ядахнаа нэг модтой, цэцэгтэй хашаа байгаасай. Наад зах нь дээврээс нь гоожсон усыг дагаж үүссэн хонхорой нүхнээс 10 см зайд дахиж хонхойлгоод цэцгийн үр суулгачих хэрэгтэй. Цэцгийн мандлын хажууд зай гаргаад сонгино, бүр цаашлаад үхрийн нүд ч тарих боломжтой. Ингээд л бага багаар тариад эхлэхээр өөрөө гүйгээд жимс, ногоо, мод, цэцэг тариад баймаар донтой болчихдог. Ер нь энэ цэцэг, ногоо чинь заавал нэг баян боссын хашаанд байх албагүй шүү дээ. Гэр хороололдоо ч бид өөрсдөө хашаагаа сайхан тохижуулаад амьдрах бүрэн боломжтой шүү дээ” хэмээн У.Мижиддорж эцэст нь хэлсэн юм. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхаа үр шимээр чулуугаар дүүрсэн хашааг ногоон, тохилог орчин болгож чадсан түүний туршлага нэг өдөр яриад дуусах сэдэв биш ажээ. 

Гэр хороолол гэхээр л ядуурал, утаа, шарилж төсөөлөгддөг хэвшмэл ойлголтыг тэрбээр хашаандаа сүндэрлүүлсэн 3 давхар байшин, байшингаас нь өндөр ургасан модод, өнгө алаглах цэцэгсээрээ няцааж байна. Хүн бүр хашаандаа ганц сөөм чимэг, нэг ширхэг сонгино, нэг эгнээ мод тарьж эхэлбэл нийслэл хот маань бараан саарал өнгийг мартаж болохоор аж. 

Ц.Ану

Төстэй мэдээлэл

Хүнсний технологич болон мэргэжилтнүүд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа орц найрлагыг харж авахыг зөвлөж байгаа юм. Тэгэхдээ бүтээгдэхүүний нийт жин, мөн сахар агуулагдаж байгаа жинг харьцуулж бодох хэрэгтэйг анхааруулж байв. Жишээ нь, 700 гр чипс байлаа гэхэд 100 граммд агуулагдах сахрын хэмжээгээ шошго, тайлбарт бичсэн байдаг тул 700 гр бүтээгдэхүүндээ харьцуулж бодох нь зөв юм. 100 […]

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, […]

Aimar Social News гэх фэйсбүүк хуудсаар “Монгол эмэгтэй

Энэ бол сунгааны үеэр хурдан мориноос унаж, гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн хүүхдийн эцгийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хэсэг юм.  Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Гэвч хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн мэдээллээс үзвэл, эрүүл мэнд, амь насаараа тэд хохирсоор байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь […]

FactCheck.mn сайт арванхоёрдугаар сард “1 сар 1 сэдэв”-ийн

FactCheck Review Mongolia гэх фэйсбүүк хаягийг нягталж өгөх

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх