“Вакцин хавдрыг үүсгэх, үүссэн нэгэнд нь үсэрхийлэл өгөх гадны биет” – ХУДАЛ

Товч агуулга

ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй.

Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй.

Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй.



Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост хийснийг нягталж өгөх хүсэлт ирлээ.

Уг постод “ХАВДАР СУДЛАЛ АЧААГАА ДИЙЛЭХЭЭ БОЛЬЖЭЭ. ВАКЦИН ХАВДРЫГ ҮҮСГЭХ, ҮҮССЭН НЭГЭНД НЬ ҮСЭРХИЙЛЭЛ ӨГӨХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ АМЬТНЫ ГАРАЛТАЙ ГАДНЫ БИЕТ.  ХАВДАРТАЙ ХҮН ЯМАРЧ ВАКЦИНД ЭСРЭГ ЗААЛТТАЙ БАЙДАГ. ГЭТЭЛ ЭМЯ, АНАГААХЫН ЭНЭ ДҮРМИЙГ ЗӨРЧӨӨД ХИЙЧИХСЭН. ОДОО ХАВДАР ИЙМ БАЙХ НЬ АРГАГҮЙ. 😪 

БИЕД НЬ бгаа хор их. Үүнийг хавдарын эмнэлэг биш, уламжлалт эмнэлэг, байгалийн аргаар л гаргана” гэжээ.

Factcheck 1:

Монгол Улсын хувьд хорт хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн дунд

  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Улаанхоолойн хорт хавдар
  • Уушигны хорт хавдар
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Хөхний хорт хавдар
  • Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зонхилж байна.

2021 онд 5,981 хүн хорт хавдраар шинээр оношлогдож, 4,559 хүн нас баржээ. 2022 оны статистик мэдээлэл хараахан гараагүй байгаа нь өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрүүл мэндийн бүх нийтийн үзлэг оношилгоогоор гурван сарын хугацаанд 242.7 мянган хүн хамрагдсанаас хорт хавдрын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлж байв.

Үндэсний статистикийн хорооноос 10000 хүн тутамд шинээр өвчилж байгаа хорт хавдрын тохиолдлын статистикийг харвал сүүлийн 2013 оноос одоог хүртэл дунджаар 18-19-д тогтмол хэлбэлзэж байсан бол 2020 онд 20 бол нэмэгдээд 2021 онд эргээд буурсан байна.

Тэр дундаа манайд тэргүүлдэг элэгний хавдрын өвчлөл 2016 онд нийт хавдрын өвчлөлийн 39.1 хувь байсан нь 2021 оны жилийн эцсийн дүнгээр 32.7 хувь болж, 6.4 хувиар буурсныг ЭМЯ-ны Эрүүл мэндийн яамны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох 2022 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан.

Factcheck 2:

Олон улсад мөн цар тахалтай холбоотойгоор КОВИД-19-ийн вакцинаас болж хавдрын тохиолдол нэмэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд цөөнгүй тархсан. Энэ талаарх нягталсан мэдээллийг өмнө нь Factcheck.mn бэлтгэн хүргэсэн.

Нью-Йорк хот дахь хорт хавдрын эмчилгээний алдартай төв болох Мемориал Слоан Кеттерингийн хорт хавдрын төв КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог болохыг мэдээлсэн.

“Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Тиймээс хорт хавдар үүсгэдэггүй” гэж тус байгууллага цахим хуудастаа бичсэн байна.

Pfizer болон Moderna вакцинууд нь messenger RNA технологиор бүтсэн ч энэ нь хүний ДНХ-д ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй, өөрчилдөггүй.

Вакцин хийлгэснээс хойш хорт хавдар үүсдэг гэх тухайд “биологийн хувьд боломжгүй” гэж Канадын Манитоба мужийн дотрын эмч Жонатан Лакстон хэлсэн бол хорт хавдар судлаач Дэвид Горкси хорт хавдар үүсгэгч бодисуудад өртөхөд, хавдар үүсэхэд олон жил, бүр хэдэн арван жил шаардагддаг болохыг бичжээ.

Хавдартай өвчтөнүүдийг вакцинаа хийлгэхийг өнөөдөр ч зөвлөсөөр байна. Хорт хавдраар өвчилсөн хүмүүс коронавирусийн халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр болохыг томоохон судалгаанууд харуулсан. Тиймээс АНУ-ын Хавдрын эсрэг үндэсний сүлжээнээс мөн хавдартай хүмүүсийг КОВИД-19-ийн эхний гурван тун болон боломжтой нэмэлт тунгуудад нэн даруй хамрагдахыг зөвлөж байгаа юм.

Энэхүү зөвлөмжийг Америкийн Хорт Хавдрын нийгэмлэг дэмжиж байгаа бөгөөд “КОВИД-19-ийн вакцинууд хорт хавдарт нөлөөлдөг ямар нэгэн мэдээлэл байхгүй. Мөн вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг мэдээлэл ч байхгүй” болохыг албан ёсны сайтдаа мэдэгдсэн.

Монгол Улсын хувьд 2021 оны дөрөвдүгээр сараас Pfizer вакциныг гемодиализын аппаратад ордог, цул эрхтэн шилжүүлэн суулгасан, хорт хавдартай хүмүүст хийж эхэлсэн.

Иймд КОВИД-19-ийн вакцин нь хорт хавдартай холбоотой гэсэн ямар ч нотолгоо, баримт байхгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

  • Эрүүл мэндийн яам
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Үндэсний статистикийн хороо

https://www.mskcc.org/coronavirus/myths-about-covid-19-vaccines

https://www.nature.com/articles/s41591-020-0979-0

https://www.cancer.org/treatment/coronavirus-covid-19-and-cancer/covid-19-vaccines-in-people-with-cancer.html#:~:text=with%20your%20doctor.-,Can%20COVID-19%20vaccines%20cause%20cancer%20or%20make%20cancer%20grow,COVID-19%20vaccines%20cause%20cancer.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

Удахгүй болон УИХ-ын сонгуулийн үйл явцад хяналт тавихаар АН-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байдаг компанийнхаа бүх ажилчдыг Дорноговь руу шилжүүлсэн. Дургүйцсэн хүмүүсийг нь айлгаж дарамталсан. Мөн Сонгинохайрхан дээс Чингэлтэй 10-аад мянган хүнийг автоматаар шилжүүлсэн. Энэ нь мөн л УИХ-ын гишүүн, […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болж, улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амиа алдаж байгаа. Өнгөрсөн 10 […]

“Төрсөн огноогоо дарж, KHAN BANK төслөөс танд хэдий

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “Бидний үр хүүхэд туршилтын харх биш!!!” гэсэн гарчиг бүхий лайв видео хийжээ. Энэхүү видеонд Хүний папилломавирусийн эсрэг болон бусад товлолт вакцинуудын талаар ярьсныг нягтал өгөх хүсэлт ирсэн юм. Нийт 1:11:53 цаг үргэлжлэх уг видеоны үеэр олон мэдээлэл яригдсаны нэг нь дархлааны тухай байв. Энэ талаар бид нягталлаа. “Вакцинжуулалт бол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх