Уур хилэнгийн алгоритм: Таны “Feed”-ийг удирдаж буй үл үзэгдэх гар

“Уранаас болж манай хүүхдүүд гажиг төрж байна”, “Барууныг дагавал Украин шиг болно”, “Орос байхгүй бол Хятадад уусна” гэсэн посттой та Facebook хуудас дээрээ таарч байсан байх.

Тэр бол санамсаргүй зүйл огт биш гэдгийг нийтлэлийн эхэнд хэлмээр байна. Тэдгээр нь зохион байгуулалттай, зорилготой, таны сэтгэлд нөлөөлөхүйц байхаар тооцсон мэдээллийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.

2022–2025 онд Монголын мэдээллийн орчинд хийсэн мониторингийн дараалсан судалгааны үр дүн дээрх дүгнэлтийн шалтгаан нь. 

Factcheck.mn 2023–2024 онд “Монголын мэдээллийн орчин дахь гадаад нөлөөллийн хувьсал” судалгаагаараа фэйсбүүк орчинд Оросын суртал ухуулга, хуурамч мэдээлэл фэйсбүүк орчинд хэрхэн тархаж, ямар өнгө аяс, агуулгатай байгаа дээр анализ хийсэн юм.

Ийнхүү судлахад фэйсбүүк постуудын 53 хувь нь Оросыг дэмжсэн, суртал ухуулга эсвэл хуурамч мэдээлэл агуулсан байсан бол баримтад суурилсан мэдээ ердөө 25 орчим хувийг эзэлж байв. Гайхалтай нь тэдгээр хуурамч агуулга бодит мэдээнээс 2–3 дахин их хандалт авсан явдал.

Монголын мэдээллийн орчны 3 жилийн судалгааны гол дүгнэлтээс харвал:

Хуурамч мэдээлэл: нэг постод дунджаар 483 хариу үйлдэл

Суртал ухуулга: нэг постод дунджаар 362 хариу үйлдэл

Баримтад суурилсан мэдээ: нэг постод дунджаар 177 хариу үйлдэл

Өөрөөр хэлбэл худал мэдээ бодит мэдээнээс 2.7 дахин илүү хариу үйлдэл авсан. Энэ бол цуврал судалгааны бүх хугацаанд тогтмол давтагдсан хэв шинж гэсэн үг.

Мэдээллийн суртал ухуулга яагаад фэйсбүүкээр явдаг вэ?

Эхлээд Оросын суртал ухуулга өнөөдөр ч Монгол байдаг гэж асуувал та хэрхэн хариулах вэ? Хэрэв үгүй гэж бодож байвал судалгаагаар үгүйсгэгдэнэ.

Мэдээллийн, мэргэжлийн редакцууд худал мэдээлэл түгээдэггүй. Учир нь тэнд мэргэжлийн шүүлтүүр, ёс зүй, зарчим үйлчилж байдаг. Харин фэйсбүүк ийм шүүлтүүр байхгүгээс гадна фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийн боловсролоос шалтгаалаад худал мэдээлэл улам түгэх нөхцөл нь бэлэн байдаг.

Яагаад гэвэл худал мэдээлэл нь сэтгэл хөдлөлийг ашигладаг буюу айдас, уур хилэн, гайхшралаар дамжуулан лайк дарах, шэйр хийх, коммент бичихэд хүргэдэг. Тийм ч учраас пропаганда, худал мэдээллийг фэйсбүүкээр түгээсээр байна.

Тэнд байгаа улс төр, нийгмийн шүүмжлэлтэй нийтлэлүүдийг органик, хүмүүсийн өөрсдөө хийж байгаа хандалт гэж бодож байвал эндүүрэл. Судалгаагаар гадны нөлөө бүхий мэдээллийн манипуляци нь маш нарийн зохион байгуулалттай “Firehose of Falsehood” буюу мэдээллээр бөмбөгдөх тактик ашиглаж байгаа нь бүр ч баттай болов.

Эх үүсвэр буюу зохиомол хаягууд: Тодорхой хаягуудаас урт, сэтгэл хөдлөл өдөөсөн нийтлэл оруулна.

Цуурайтуулагчид: Түүнийг нь контент хийдэггүй “түгээгч арми” тэр даруйд олон групп руу шэйрлэж, коммент бичин хиймэл хэлэлцүүлэг үүсгэнэ.

Угаагчид: Ямар нэгэн байгууллагын нэрээр халхавчилсан группууд уг мэдээллийг нийгийн үнэн мэтээр дөвийлгөн түгээнэ.

Фэйсбүүк таныг хэрхэн “Уурхай” болгодн ашигладаг вэ буюу Алгоритмын хавх


Ийм мэдээллийг та нэг л түгээсэн бол дахин дахин ийм мэдээлэлтэй л тааралдана. Учир нь “Нэг л удаа шэйрлэ, бусдыг нь алгоритм хийнэ” гэдэг зарчим фэйсбүүкийн цаана үйлчилж байдаг.

Та тэрхүү хуурамч постыг уншаад уур тань хүрч, эсвэл айсандаа бусадтай хуваалцахаар “Share” товчийг дарах мөчид фэйсбүүкийн цаадах робот таныг үнэлж, тань мэдэж авдаг. Үүнийг фэйсбүүкийн алгоритм гэдэг.

Алгоритм нь таныг тухайн сэдвийг “сонирхож байна” гэж дүгнээд, дараагийн удаа нүүр хуудаст (Feed) тань яг ижил төрлийн, бүр илүү айдас төрүүлэм мэдээллүүдийг ар араас нь гаргаж өгөх болно. Өөрөөр хэлбэл, та өөрийнхөө гараар алгоритмд өөрийгөө заагаад өгчихөж байгаа хэрэг. Улмаар таны фэйсбүүк орчин зөвхөн тэр төрлийн худал мэдээллээр дүүрч, та өөрийн мэдэлгүй “цуурайтуулагч”-ын нэг болсон байх болно.

Энэ бол өнөөх зохион байгуулалттай суртал ухуулагчдын яг хүсэж байгаа зүйл нь. Үүний тулд л тэд таны сэтгэлийн утсыг хөнддөг. 

Тиймээс таны feed дээр ТОМ ҮСЭГ, анхааруулах тэмдэг (‼️, 🛑) бүхий айдас төрүүлсэн нийтлэл гарч ирвэл, шууд шэйрлэхээсээ өмнө “Энэ хэний зохион байгуулсан ажил вэ?” гэдгийг нэг бодоорой.

Зохион байгуулалттай, зорилготой суртал ухуулга үргэлж эдгээрийг агуулсан, таны сэтгэлийг ямар нэгэн байдлаар хөдөлгөж, шэйр хийлгэхэд хүргэхийг эрмэлзэнэ. Хэрэв тэр постыг сэтгэл хөдлөлдөө автан шэйрэлбэл суртал ухуулгын зорилго биелж байгаа нь тэр. Тийм учраас аливаа мэдээлэлд үргэлж шүүлтүүртэй хандаж, эх сурвалжийг нягталж, баталгаагүй мэдээллийг цааш түгээхгүй байх нь мэдээллийн орчинд биеэ зөв авч явах зайлшгүй соёл болж байна. 

Хэрэв та тэр постыг сэтгэл хөдлөлдөө автан шэйрэлбэл, суртал ухуулгын зорилго биелж, та алгоритмын хавханд орж байгаа нь тэр. Өнөөдөр хуурамч мэдээллийн эсрэг хамгийн хүчтэй зэвсэг бол “Шэйрлэхгүй байх” ухамсар, мэдээллийн шүүлтүүртэй соёл юм. Тоглоомыг дагаж биш, тоглоомоос гарч сурахын тулд сошиал орчинд биеэ зөв авч явахад суралцах зайлшгүй шаардлага Монголын фэйсбүүк хэрэглэгчдэд тулгамдаж байна. 

Төстэй мэдээлэл

Харин Монгол Улс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ буюу шууд эмчилгээний санхүүжилтэд зөвхөн 2024 онд 1.73 их наяд төгрөг төсөвлөсний 887.8 тэрбум төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээ байсан бол 837.7 тэрбум төгрөг нь төрөөс хариусан буюу тусламж үйлчилгээнд төсвөөс санхүүжүүлэх дүн байсан юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд төсөвлөж байгаатай дүйх хэмжээний мөнгөөр […]

Ханбогдын шүлтлэг боржингийн өвөрмөц тогтож, цохионууд говийн хурц наранд зэсэн, алтлаг шар, хүрэн, саарал олон өнгөөр ээлжлэн гэрэлтэж, хадны ан цав, ирмэг бүр уран баримал мэт тодорч, эрт эдүгээгийн олон зуун сая жилийн түүхийг өгүүлж байгаа гэлтэй. Байгаль дэлхийн уран гоёыг илэрхийлэхэд үгийн баялаг ч дутахаар ажээ.  …Түүх эхлэхээс өмнө.  Өмнөговь аймгийн Ханбогд сум орчим, […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Бага насны хүүхдийн өдөрт авах сахрын хэмжээ 5 гр. Гэтэл дээрх бэлэгнүүдэд агуулагдаж буй сахар хамгийн бага нь 147 гр, хамгийн их нь 383 гр сахар байгаа юм. Тодруулбал, 147 гр сахар агуулсан бэлгэнд 29 өдөр авах сахар байгаа бол 383 гр сахар агуулсан бэлэнд 76 өдөр авах сахрын хэмжээг агуулжээ. Эдгээр дээр нэмээд тосны […]

…”Хойд Цэнхэрийн агуй”, “Ишгэн толгойн хадны зураг” анхны байгалийн яруу найраг юм. Түүнийг таньж мэдэхийн тулд одоогийн соёлт хүн төрөлхтөн бас чиг урт хугацааг элээжээ. О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” эсээний хэсгээс. Хэдхэн жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумд орших Ишгэн толгойн хадны яг орой дээр үүрэн холбооны үйлчилгээний нэгэн компани сүлжээний цамхгаа байрлуулж, олны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх