Орос ах: Уран аюултай, вакцин хортой, эрчим хүчний реформ хэрэггүй, цахилгаан станц бариулахгүй

Геополитикийн агуулгад эргэлдэж байсан Оросын мэдээллийн урсгал өнөөдөр илүү нарийсаж, Монголын эрчим хүч, уран, уул уурхай, гадаад хөрөнгө оруулалт зэрэг стратегийн салбарууд руу чиглэх болсон нь сүүлийн мониторинг судалгаануудаар тодорхой болж байна. Сошиал орчинд тархаж буй эдгээр агуулга нь байр сууриа илэрхийлж байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ олон нийтийн айдас, эргэлзээ, үл итгэх байдлыг системтэйгээр өдөөдөг “мэдээллийн технологи” болон хувирч байгаа нь ажиглагдлаа.

Factcheck.mn дайны талаар болон Оросын мэдээллийн урсгал сошиал орчинд хэрхэн түгж, нөлөөлж байгаа талаарх 2022-2023 онд хийсэн мониторинг судалгаагаараа “Монгол Улс мэдээллийн дайнд ялагдаж байна” гэсэн нийтлэлийг бэлтгэн хүргэж байсан. Тэгвэл томоохон хөрш орны пропаганда мэдээллийн урсгал Монгол Улсын хөгжлийн гол төслүүд, стратегийн салбарууд руу чиглэх болсныг 2024-2025 онд фэйсбүүк орчинд хийсэн цуврал мониторингийн үр дүн харуулав.

Энэхүү судалгаагаараа фэйсбүүк орчинд 2024–2025 онд гарсан Оростой хамааралтай 234 постыг шинжлэхэд Оросын суртал ухуулга Монголын дотоод бодлогын эмзэг сэдвүүдтэй шууд огтлолцож эхэлснийг илтгэсэн. Тэдгээр постын агуулгаар ангилбал

  • 25 % нь уран
  • 24% нь барууныг эсэргүүцсэн
  • 21% нь үндсэрхэг “Great Russia” агуулга эзэлж,

дотоод стратегийн асуудлууд анх удаа хамгийн том сегмент болсон юм.

Оростой холбоотой суртал ухуулгууд нь Монголын аюулгүй байдлын гол баталгаа бол ОХУ гэж тодорхойлох хандлагатай байсан бөгөөд Ялалтын баяр, Халхын гол гэсэн түүхэн ойн сэдвүүдийг үүндээ ашигласаар ирэв. “Оросгүй бол Хятадад уусах эрсдэлтэй” гэсэн болгоомжлолыг сэргээх замаар Оросын ач холбогдлыг тодотгодог. Харин сүүлийн үеийн өгөгдлөөр нийт сөрөг мэдээллийн 25%-ийг Уран (Orano), 15%-ийг Эрчим хүчний реформ эзэлсэн.

Ингэхдээ “Байгаль орчныг хамгаалах”, “Үндсэрхэг үзэл” нэрийн дор гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг шүүмжилж, оронд нь “Сибирийн хүч-2” болон Оросоос хараат байдлыг зөв гэх өгүүлэмжүүдээр дамжуулан нөлөөлж иржээ.

Оюу толгой бол “Луйвар”: Рио Тинто болон барууны хөрөнгө оруулагчдыг “дээрэмчид” гэж нэрлэн, төслийг төрд буцааж авахыг хүчтэй уриалдаг. Оросын оролцоотой “Эрдэнэт” үйлдвэрийг жишиг болгон ярьж, “Гагцхүү Орос шиг хариуцлагатай хөрөнгө оруулагч хэрэгтэй” гэсэн санааг түгээж байна.

Уран бол гамшиг: Францын “Орано” компанийн хэрэгжүүлж буй ураны төслийг зогсоох зорилгоор эрүүл мэндэд арилшгүй хортой гэсэн айлгах тактикийг ашиглаж байна. Тухайлбал Өөрийгөө судлаач гэж нэрлэсэн “Химич Галдмаа” гэх хаяг Дорноговь аймагт очиж “5D ЭХО-гоор гажигтай хүүхэд, мал харсан” гэх сэтгэл хөдлөлд тулгуурласан, баталгаагүй судалгааны үр дүн нийт 1600 удаа удаа шэйрлэгдсэн байсан. Тэрээр мэргэжлийн үг хэллэг (U3O8, хүхрийн хүчил, радон) ашиглан энгийн иргэдийг төөрөгдүүлж, Францын “Орано” компанийн төслийг зогсоохыг байнга уриалдаг.

Хяналтын механизмыг үгүйсгэх: Хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд олон улсын хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд итгэхгүй байхыг уриалж, зөвхөн Орос эсвэл Хятадын шинжээчдийг оруулах ёстой гэсэн мессежийг өгдөг.

“Сибирийн хүч-2” – Эдийн засгийн аврал: Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголын эдийн засгийг сэргээх гол төсөл гэж сурталчилж, Европ Оросын хийнээс татгалзсан нь өөрсдийнх нь хохирол гэж тайлбарладаг.

Эрчим хүчний хямрал: Дотоодын эрчим хүчний тасалдал, доголдлыг либерал улс төрчид санаатайгаар үүсгэж, салбарыг үнэгүйдүүлэн барууны эздэдээ хувьчилж өгөх гэж байна гэсэн санааг хүчтэй түгээж байна. Нэн ялангуяа УИХ-ын гишүүн С.Цэнгүүний эрчим хүчний реформ хийх гэж буй үйлдлийг маш ихээр харлуулсан мэдээлэл ажиглагдсан.

Вакцины эсрэг (Anti-Vax): Ковидын эсрэг Pfizer, хөхөнцөр вирусын эсрэг HPV (папиллома вирус) болон бусад бага насны хүүхдэд тарьдаг товлолт вакцинуудыг бүгдийг нь “хор”, “аутизм үүсгэгч”, “хүн амын тоог цөөлөх бодлого” гэж айлгасэн мэдээллийг их түгээж байна. Түүнчлэн олон улсын байгууллага (ДЭМБ, CDC)-уудад итгэхгүй байхыг уриалж, Оросын эрдэмтдийн (Жишээ нь: Галина Червонская) үгийг баталгаатай гэсэн санааг түгээж байна.

Фентанил ба “Зомби” улс: АНУ-ын хар тамхины (фентанил) асуудлыг түгээхдээ АНУ-г  “Зомби лэнд” болсон, “Засгийн газар нь өөрөө хар тамхиа зардаг сүйрсэн улс” гэж харуулахын зэрэгцээ  “Барууны ардчиллыг дагавал ийм л үр дүнд хүргэнэ” санааг түгээж байна.

Танил агуулгууд байгаа биз?

Энэ бол мэдээллийн урсгалаар дамжуулан айдас түгшүүр төрүүлж, сэтгэл хөдлөл, дурсамжийг удирдан олон нийтийн санаа бодлыг өөрчлөх суртал ухуулгын нарийн загвар. Харамсалтай нь Монголын фэйсбүүк орчинд системтэйгээр ашиглаж байгаа энэ технологи нь амжилттай хэрэгжсээр байгаа буюу монголчууд яг ийм хуурамч, суртал ухуулгын постод илүүтэй итгэж, үнэн бодит, баримтад тулгуурласан мэдээллээс 2-3 дахин илүү хариу үйлдэл үзүүлж, лайк дарж, шэйрлэж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Энэ нь нотолгоонд суурилсан бодлогын хэлэлцүүлгийг сулруулж, гуравдагч хөршийн хамтын ажиллагаа, түншлэлд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, дотоод нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлэх эрсдэлийг үргэлж дагуулж байдгаараа хэмжихийн аргагүй хор уршигтай.

Цаашлаад Монголын мэдээллийн орчинд өрнөж буй үзэгдэл нь санамсаргүй биш, зорилтот, бүтэцтэй нөлөөллийн хэлбэрт шилжсэнийг харуулж байгаа юм.

Хуурамч болон сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдээлэл бодит, баримтад суурилсан контентоос хэд дахин илүү тархаж байгаа нь нийгмийн мэдээллийн дархлаа сул байгаагийн илрэл. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл зөвхөн мэдээллийн хэрэглээ бус, хөгжлийн бодлогын талаарх олон нийтийн итгэл, стратегийн шийдвэрүүд хүртэл гадаад нөлөөлөлд эмзэг болох эрсдэл нэмэгдэнэ. Иймээс мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, баримтад суурилсан сэтгүүл зүйг дэмжих нь үндэсний хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай асуудал болж байна.






Төстэй мэдээлэл

Монгол Улсын нийслэлд цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, үйлчилгээ нэвтрээд гурван жил болжээ. Factcheck.mn сайтын редакц энэ удаагийн “1сар1сэдэв”-ээрээ хотын дэд бүтцэд уялдаагүй ч, хол ойрд нийслэлчүүдийн хөл дүүжлэх болсон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудлыг сурвалжлан хүргэхээр боллоо. Энэ сэдвийг хөндсөнөөрөө түгжргэлийн асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, түүний үйлчилгээг тэр […]

Товч агуулга Монголын морин спорт, уяачдын холбоо НҮТББ-ын Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагадаа уламжлал болсон хаврын морин уралдааныг цаашдаа тогтмол зохион байгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлэх үеэрээ дараах мэдээллийг өгөв. “Хаврын уралдаан ч бай, зуны бүсийн уралдаанууд ч бай Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулалттай хийж байгаа уралдаанууд дээр энэ олон жилийн […]

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Монгол Улсынхаа өнцөг булан бүрд нуугдсан гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэх хамгийн тохиромжтой зун цаг ирлээ. Хэрэв энэ жил Дорнод аймгийг зорихоор төлөвлөж байгаа бол байгалийн үзэсгэлэн төдийгүй түүх, соёл, шашны өвийг нэгэн дор мэдрүүлэх онцгой аяллын цэгийг заавал төлөвлөгөөндөө багтаагаарай. Тэр нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолбор юм. Соёлын үнэт өв […]

Монгол Улсад орж ирж байгаа тамхины статистик үнэхээр огцом өссөнийг Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулж байна. Сигар болон янжуур тамхины импорт 2013 онтой харьцуулахад 2024 онд хоёр дахин нэмэгдэж, 3.5 тэрбум ширхэгт хүрсэн байна. Харин электрон тамхи 2020 онд ердөө 47 мянган ширхэг импортлогдож байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болтлоо асар хурдтай нэмэгджээ. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх