Өнөөдөр олон улсын БАРИМТЫГ НЯГТЛАХ ӨДӨР

Өнөөдөр олон улсын Fact Checking Day буюу Баримтыг нягтлах өдөр. Олон улсын баримтын нягтлах сүлжээ буюу IFCN байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг баримтыг нягтлах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан.

Энэ өдөр нь нийгмийн эрүүл мэнд, сэтгүүл зүй төдийгүй хүн бүрийн өдөр тутмын амьдралдаа мэдээллийг нягталж, шалгаж, илүү шүүлтүүртэйгээр хүлээн авахыг уриалдаг өдөр юм.

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардлагатай болсон.

Тиймээс FACTCHECK.MN сайтыг үүсгэн байгуулсан бөгөөд манай редакц нь хараат бус, бие даасан зарчмаар ажиллаж, мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгахыг зорьдог. Ингэснээр иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байгаа юм.

Сонгууль, шинэ коронавирусийн халдварын тархалт, вакцин зэрэг нийгэмд тулгамдсан асуудалтай холбоотойгоор сүүлийн жил гаруйн хугацаанд цахим орчин төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа, худал мэдээлэл гарах нь ихсэж байгаа тул бид нягталж шалгасан мэдээллийг уншигчиддаа хүргэж байгаа билээ.

Өнгөрсөн жилийн хугацаанд бидний хийсэн нийт нягталж шалгасан ажлын 10 орчим хувь нь Хэвлэл мэдээллийн редакцаас өөрөөр хэлбэл сонин, сайт, телевизээр гаргасан мэдээлэл байсан ба үлдсэн 90 орчим хувь нь нийгмийн сүлжээн дэх иргэдийн өөр хоорондоо түгээсэн мэдээлэл байлаа. Өөрөөр хэлбэл, редакц бүхий хэвлэл мэдээллийн байгууллага хуурамч мэдээлэл түгээх бус иргэд хуурамч мэдээллийг нийтлэх, түгээх нь дийлэнх байгаа юм.

Мэдээллийг нягталж шалгаж хүлээн авах, түгээх нь ташаа, худал мэдээллээс үүсэн гарах уршгаас сэргийлэхэд тустай. Худал мэдээлэл хүний аминд ч хүрэх магадлалтай болохыг олон улсын фактчекерүүд онцолдог болохыг сануулах нь зүйтэй.

Олон улсын баримтыг нягтлах өдөрт зориулан мэдээллийг шүүлтүүрдэх долоон арга буюу долоо хэмжиж нэг огтлох зарчмыг танилцуулж байна.

Төстэй мэдээлэл

#7нягтал1түгээ  Мэдээллийн эх үүсвэрийг нягтал! (1/7) Итгэж болох хүн түгээсэн эсэхийг нягтал. Мэргэжлийн сэтгүүлч бэлтгэсэн эсэхийг нягтал.Байнгын үйл ажиллагаа эрхэлдэг итгэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага түгээсэн эсэхийг нягтал! Агуулгыг нягтал? (2/7) Гарчиг мэдээлэл өгөөгүй, агуулгатайгаа зөрчилдсөн бол АНХААР!Хэт уянгын сэтгэл хөдөлгөм, эсвэл хэт уур хүргэм бол АНХААР!Тухайн мэдээллийн гол үндсэн баримтууд, дурдагдаж буй хүмүүс, зураг, нийтлэгдсэн огноог нягтал! […]

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх