
Коронавирусийн халдварын тархалтыг Цагаан сарын баярын үеэр нэмэгдэх эрсдэлээс сэргийлж, Улаанбаатар хотод идэвхтэй байгаа голомтуудыг хязгаарлах зорилгоор нийслэлд гурав дахь удаагаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс эхлээд байна.
Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос холбогдох шийдвэрүүд гарч байгаа ч мөн л өмнө хөл хорионы үетэй адил иргэдийг төөрөгдүүлж, бухимдахад хүргэж эхлэв.
Цар тахлын үед иргэдийг төөрөгдүүлж буй төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг бид хүргэж байна.
Авто замын хөдөлгөөнд оролцох
2021.02.10 Улсын Онцгой комисс: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн автомашин хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ.
2021.02.10 Улсын Онцгой комисс: УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хатуу хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 салбарын дөрөв нь хувийн хэвшилд хамааралтай. Эдгээр байгууллагын ажилтанд 10-15 хувийн квот тогтоон, хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ явах ёстой. Гэхдээ хувийн машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх ажилтны тоо нь байгууллагын нийт ажилтны 15 хувиас хэтэрч болохгүй”.
2021.02.11 Засгийн газрын ХМХХ: Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа, Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт, Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, Банкны цахим болон автомат тооцооны машин, Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж, Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллагын ажилтнуудыг ажилтны тоо хязгаарлахгүйгээр, хувийн машинаар зорчиж болно.
2021.02.11 Тээврийн цагдаагийн алба: Хөдөлгөөнд эрүүл мэндийн байгууллага, тохижилт үйлчилгээний компанийн болон хүнсний түгээлтийн зэрэг зориулалтын тээврийн хэрэгслүүд оролцож байгаа. Түүнчлэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний сорьц тээвэрлэх авто машинуудыг тусгай тэмдэглэгээтэйгээр хөдөлгөөнд оролцуулж байна. Хувийн машинаар зорчуулахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэд хэдэн хэвлэл, сайтууд нэгдээд албаны машинаар зорчих хэрэгтэй.
2021.02.11 Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв: Зайлшгүй шаардлагатай 14 салбарын ажилчдын 10 хувь нь л явна. Ингэхдээ албан бичиг хүсэлтээ ирүүлсэн гэв. Хувь хэмжээ нь дахиад өөрчлөгдсөн гэх мэдээллийг Ийгл телевизээр мэдээллэв.

Ийнхүү УОК-ын мэдээллээ урьдчилж, бүрэн өгөөгүйгээс болоод гүйцэтгэлийн шатанд зөрчил үүсэж, иргэдийг бухимдуулаад байна.
Factcheck.mn төрийн байгууллагуудын энэ мэт зөрүүтэй мэдээллүүдийг шинэчлэн хүргэх болно.