2020 он ХУУРАМЧ болон ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гэх үгийг магадгүй өмнөх жилүүдээс илүү ихээр сонссон жил байлаа. Үүний нэг шалтгаан нь УИХ-ын болон Орон нутгийн сонгууль энэ онд тохиосон бөгөөд сонгуулийн үеэр хуурамч мэдээлэл хамгийн ихээр гардаг хэмээн олон улсын мэргэжилтнүүд хэлдэг.
Түүнчлэн олон сая хүний амийг авч, дэлхий дахиныг цочроосон шинэ коронавируст халдвар болон түүнийг тойрсон батлагдаж нотлогдоогүй хуурамч мэдээллүүд асар хурдтай тархахын зэрэгцээ өргөн хүрээг хамарсаар.
Хуурамч мэдээллээр дүүрэн хуучин оноо үдэх гэж буй энэ цаг үед Fact Check Mongolia – Хуурамч мэдээлэлтэй тэмцэх санаачилгын талбар factcheck.mn–ээс нягталж шалгасан энэ оны “Хамгийн хамгийн хуурамч мэдээллүүд”-ийг эргэн сануулж байна.
Оны хамгийн санамсаргүй ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ
УИХ гишүүн Д.Эрдэнэбат: Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий

2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүд казинод байгаа зураг хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр нийтлэгдсэний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казино тоглоогүй сонирхоод орсон гэх тайлбарыг өгсөн.
Харин тухайн үеийн УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Орсон гэхдээ тоглоогүй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрвүүлээ орсон. Их мөнгөөр тоглоод байх боломж байхгүй. Тийм мөнгөтэй ч хүн байхгүй. Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий. Гэхдээ яах вэ, хүний сонирхол байна, ороод гаръя гээд орсон” хэмээн тайлбар хийсэн.
Гэвч түүний мөнгөгүй хэмээн дүгнэсэн Д.Лүндээжанцан гишүүний хамгийн сүүлд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж үзвэл тэрээр Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 170,685,000 төгрөг бөгөөд жилийн орлого нь 55,736,000 төгрөг байв. Түүнчлэн нийтийн орон сууц, зуслангийн байшин тус бүр нэгээс гадна өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт нийлээд нийт 969,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй ажээ. Харин үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийнх нь нийт дүн 160,000,000 төгрөг хэмэн мэдүүлжээ.
Хачирхалтай нь энэ хэмжээний хөрөнгөтэй хүнийг “Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий” хэмээн хэлсэн Д.Эрдэнэбат гишүүний жилийн орлого нь 29,931,000 бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн ердөө 6,499,000 төгрөг буюу Д.Лүндээжанцан гишүүнээс ойролцоогоор 24 дахин бага байсан юм.
Тиймээс Д.Эрдэнэбат гишүүн өөрөөсөө хөрөнгө чинээлэг хүнийг “Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий” хэмээн ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ тараан нэр төрд нь “халджээ”.
Оны хамгийн том хэмжээний ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ

Хэнтий аймагт ажиллаж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны 4 дүгээр сарын 20-ны Даваа гарагийн орой МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ярихдаа Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татсан юм.
Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг… Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” хэмээн ярьсан.
Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн түүний баг тооцоолсон гэв.
Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хэлсэнчлэн 400 орчим САЯ жуулчин хүлээн авах хүчин чадал үнэхээр байгаа эсэхийг бид нягталж шалгаснаа хүргэе.
Хэдийгээр тодорхой хугацаа хэлээгүй ч 400 сая жуулчин хүлээн авна гэдэг нь манай улс жилийн 365 хоногийн хугацаанд өдөр бүр 1 сая 95 мянган хүнийг тасралтгүй хүлээн авна гэсэн үг.
2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай бөгөөд цагт 1,500 зорчигч хүлээн авах боломжтой. Энэ нь хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36,000 хүн хүлээн авч чадна гэсэн үг.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн БОАЖЯ-ны статистик тоо байна.
Бас “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлж байв.
Түүнээс өмнө 2014 онд хотын экс дарга Э.Бат-Үүл 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин авдаг болох зорилт тавьж байгаагаа ярьж байсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн турш эрх баригчид жуулчдын тоог сая давуулах талаар ярьж эхэлсэн ч өнөөдөр хамгийн дээд тал нь 570 мянгад л хүргэж чадсан нь бодит үзүүлэлт.
Засгийн газраас боловсруулан гаргасан “Алсын хараа-2050” төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьжээ.
Тэгвэл Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан. Тэдний
49.3% нь Буянт Ухаа
9.3% нь Алтанбулаг
5.3% нь Замын-Үүдийн төмөр замаар
10.6% нь Замын үдийн авто замаар
4% нь Сүхбаатарын боомтоор
тус тус нэвтэрсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо гаргасан байна.
Харин өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбараар тэргүүлэгч дэлхийн 10 орон 2019 онд хэчнээн жуулчин хүлээн авсан талаар сонирхвол
Франц 86.9 сая
Испани 81.8 сая
АНУ 76.9 сая
БНХАУ 60.7 сая
Итали 58.3 сая
Мексик 39.3 сая
Их Британи 37.7 сая
Турк 37.6 сая
Герман 37.5 сая
Тайланд 35.4 сая гэсэн үзүүлэлтэй байна.
Гэтэл жилдээ 570 мянган жуулчин авч байгаа Монгол Улс 400 сая жуулчин авах хүчин чадалтай гэдэг ямар ч үндэслэлгүй тоо болох нь тодорхой харагдаж байна.
Сонгуулийн үеийн хамгийн том мөнгөн дунтэй ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой нэр дэвшигчид иргэдэд элдэв амлалт өгч, ташаа, баримтыг гуйвуулсан мэдээлэл өгөх байдал ажиглагдаж байсан.
Түүний нэг, УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Анандбазар иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр Энэтхэгээс тэрбум доллар босгож, нефтийн үйлдвэрийн дэд бүтцийг хийж өгсөн хэмээн хэлсэн билээ.
Түүний хэлсэн үгээс анхаарал татсан дөрвөн эшлэл байгааг factcheck.mn нягтлав.
1 . Нефть боловсруулах үйлдвэрийн төслийг удирдсан хүн байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх байхдаа Энэтхэг улсын “Эксим” банкнаас нэг тэрбум ам.доллар босгож, Засгийн газарт өгсөн.
Энэхүү төслийг хөрөнгө оруулалтыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн үр дүнд нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон билээ.
2. Энэ тэрбум долларынхаа хүрэнд Нефть боловсруулах үйлдвэрийн усыг нь олж өглөө төмөр замыг нь барилаа, авто замыг нь татаж өглөө. Дээрээс нь хашаа хороог нь татаад ТЭЗҮ-ийг нь боловсруулж өгсөн. Ингээд үйлдвэр маань 24 онд ашиглалтад орохоор бэлэн болж байгаа.
Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэх Зөвлөх компаниар Энэтхэгийн төрийн өмчит Инженерс Индиа Лимитед (ИИЛ) компани ажиллахаар шалгарсан бөгөөд тус компанийнхан өнгөрсөн оноос Монголд ирж уулзалт хийн ажлаа эхэлсэн юм.
3 . Тэрбум долларын нефтийн үйлдвэрийг оруулж ирж, малчин ардууд та бүхэндээ амьдралын хамгийн том өртөг болсон бензиний үнийг хямдруулах боломжийг олгож байгаадаа бахархаж, өөртөө их бяр суусан гэж болно.
Нефтийн үйлдвэр ашиглалтад орох болоогүй бөгөөд одоогоор дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа байгаа талаар Засгийн газар цаг тухайд нь мэдээлсээр байгаа.
Шатахууны үнийн тухайд тар тахалтай холбоотой эрэлт буурснаас үүдэн дэлхийн зах зээл дээр үнэ нь 50 орчим хувиар хямдраад байгаа нь Монгол Улсад бензиний үнэ хямдрах нөхцөлийг бүрдүүлсэн.
4 . Нефтийн үйлдвэр 2024 онд ашиглалтад орчихвол бензиний үнэ мөн 20-30 хувь буурна. Та бид нүүж суухдаа, хот орон нутаг явахдаа, малаа эргүүлэхдээ хүртэл машин техник хэрэглэдэг болж. Бензин тос гэдэг ямар чухал юм бэ гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл 1000 жил ярьж ирсэн энэ төслийг бодитой болгоход Засгийн газар, МАН гээд яриа дуусжээ.
ТЭЗҮ-ээр нефть боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулна гэж буй.
Энэ төслийн талаар Монгол Улс 1,000 жил яриагүй. 1990 оноос хойш илүүтэй ярьж, зөвхөн 2011 оноос хойших найман жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих таван удаагийн шийдвэр гарсан байдаг.
Хамгийн худал хэлж болохгүй хүний ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярьсан. Мөн худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд эрүүгийн хариуцлага тооцуулах хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаар сайд Х.Нямбаатар ярихдаа өөрөө хэд хэдэн худал мэдээлэл тараасан юм.

Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж чадаагүй. Одоо байгаа нь хэдхэн эздийн өмч – ХУДАЛ
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь бие даасан гурван тусдаа бүлгээс бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, гишүүд сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл нийтэд ил байдаг бөгөөд ЭНД-ээс үзэх боломжтой.
Х.Нямбаатар: ОХУ-д 3,000-аас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж байна – ХУДАЛ
ОХУ-д 2014 оноос блог хөтлөгчдийг бүртгэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 3,000-аас дээш дагагчтай блог хөтлөгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ижилтгэн ойлгохоор болсон ч 2017 оны долдугаар сарын 29-ний өдрийн 276 тоот тогтоолоор блог хөтлөгчийн үйл ажиллагааг зохицуулах заалтыг хүчингүй болсныг мэдээлж байв.
Х.Нямбаатар: Бүх телевизийн эзэмшигч нь улс төрчид – БҮГД БИШ
2019 оны байдлаар манай улсын хэмжээнд нийт 128 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн эзэмшлийн судалгаа байдаг. Гэсэн хэдий ч хувийн өмчийнх эсэх зэргийг нарийвчилсан, улс төрчийн хамааралтай эсэх бат ноттой мэдээлэл байхгүй байгаа юм. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэнчлэн бүх телевизийн эзэмшигч нь улс төрч гэдэг ташаа. Тухайлбал, Монгол телевиз “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатынх бол UBS телевиз Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын, NTV телевиз Шунхлай группийн мэдэлд байдаг.
Х.Нямбаатар: Монгол улс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийн үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн дээд, абсолют байр эзэлдэг – ХУДАЛ
Вашингтонд төвтэй “Freedom house” судалгааны төвөөс 1973 оноос эхлэн дэлхийн орнуудын эрх чөлөөний индексийг жагсааж ирсэн. Иргэний болон улс төрийн эрх, иргэний эрх чөлөө гэсэн хоёр төрлөөр хэмжиж нийлбэр оноог гаргадаг. Үүнд: үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхүүд багтдаг. Монгол Улс нь авбал зохих 100 онооноос 2013-2020 оны хооронд 84-86 оноо авч ирсэн бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн улсуудаас 53 дугаар байрт жагсаж эрх чөлөөт орны тоонд орж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд 180 орноос 73 байрт эрэмбэлэгдэж байгаа нь “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд орсон хэвээр байна. Энэ нь өмнөх оноос 3 байр ухарсан үзүүлэлт юм. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын хэлснээр Монгол Улс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхээрээ “хамгийн дээд, абсолют буюу дээгүүрт ордог” гэсэн нь худал мэдээлэл юм.
Х.Нямбаатар: Би зөндөө л гүтгэлэг, доромжлол амсаад явж байна
Х.Нямбаатар нь Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах заалтаар 2020 оноос хойш гурван иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад хандаад байна. Үүнээс, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 689 дугаар шийтгэх тогтоолоор иргэн Х.А-г 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Х.Нямбаатарын гомдлоор Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Худал мэдээлэл тараах гэмт хэргээр иргэн Х.Г-г Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/726 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/1402 дугаар магадлалаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Х.Нямбаатарын гомдлоор Иргэн Б.Н-д холбогдох Эрүүгийн хэргийн 13.14 Худал мэдээлэл тараах заалтаар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Мөн Х.Нямбаатарын гомдлоор 2018 онд иргэн Ц.Б-г Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх зүйл Гүтгэх заалтаар 2 сая төгрөгөөр торгож шийтгэвэр оногдуулсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш Эрүүгийн хуульд Худал мэдээлэл тараах гэмт хэрэг шинээр орж батлагдсанаар одоогоор шүүхийн хүчин төгөлдөр 8 шийдвэр гарсан байхын 2 шийдвэр нь иргэн Х.Нямбаатарын гомдлоор үүссэн байна. (дэлгэрэнгүйг http://new.shuukh.mn/eruuanhan )
Ийнхүү хуурамч мэдээллээр дүүрэн 2020 он хуучирч, шинэ оны босгон дээр бид ирлээ. Ирэх 2021 онд биднийг Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна. Сонгуулийн үеэр хуурамч мэдээлэл хамгийн ихээр тардаг хэмээн олон улсын мэргэжилтнүүд санал нийлдэгийг эргэн нэг санаад ирэх ондоо аливаа мэдээлэлд шуүлтүүртэйгээр хандан, хуурамч мэдээллийг түгээн дэлгэрүүлэхгүй байхын өлзийтэй ерөөлийг эрхэм уншигч танд өргөн дэвшүүлье.
Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын талбар factcheck.mn ирэх онд ч эргэлзээтэй мэдээллийг нягталж шалган үнэн бодит мэдээллийг хүргэх болно.
Fact Check Mongolia санаачилгыг үүсгэн байгуулагч Ц.Тамир