Есдүгээр сарын 22-ны шөнө ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайд 5.8, тус тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5.1 магнитудын, газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн.
Тэгвэл энэхүү газар хөдлөлтийн шалтгаан нь Амарын хавтан Номхон далай тийш нүүж байгаад оршино хэмээх мэдээллийг доорх зурагтайгаар олон нийтийн сүлжээнд түгээснийг 725 хүн хуваалцжээ.
Энэхүү мэдээллийг нягталж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу уг мэдээлэл үнэн эсэхийг бид нягталлаа.
Юуны өмнө мэдээлэлт ашигласан дээрх зургийг 2019 оны хоёрдугаар сард Оросын cyberway.golos.io цахим хуудасны “Байгаль нуур далай болж хувирна. Оросын газрын зураг хэдэн сая жилийн дараа ямар байх вэ?” гарчигтай мэдээлэлд ашиглагдсан ба өөр хэд хэдэн цахим хуудаст ашиглажээ. Уг мэдээлэлд “Амарын тавцангийн нүүдэл удаашрах нь битгий хэл эсрэгээрээ нэмэгдэх болов. Өмнө нь Байгал нуур жилд 1.6 мм-ээр л нэмэгддэг байсан бол өдгөө түүний хурд 12 дахин өсөж, жилд 20 мм нэмэгдэх болсон байна. Энэ хурдаар явбал нэг сая жилийн дараа Амарын тавцан Евразийн тавцангаас 20 км-ээр, харин 30 сая жилийн дараа 600 км-ээр холдох юм.
Үүнтэй зэрэгцээд Байгал нуур тэнгис болон хувирч, нарийн яривал Агнуурын болон Шар тэнгисийг холбосон хоолой болно” хэмээн бичжээ.
Харин сая болсон газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад “Энэ удаагийн газар хөдлөлт болсон газар нь өөрөө газар хөдлөлтийн идэвхтэй бүс ба Амар мөрөний хавтангийн хил орчим юм. Өмнө нь тус бүсэд газар хөдлөлтүүд болж байсан бөгөөд 2008 онд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл манай улсад мэдрэгдэж байсан удаатай” гэлээ.
Оросын зүүн хэсэгт орших Сибирийн 2000 км газрыг хамрах Байгаль нуурын хагарлын хөндий нь Амар мөрний хавтангууд Евразийн хавтангаас аажим аажмаар холдох явцад үүссэн бөгөөд 25 сая орчим жилийн турш энэ хөдөлгөөн үргэлжилж байгаа аж. Амарын хавтан тиктоник хөдөлгөөний нөлөөгөөр зүүн тийш жилд 4-5 миллиметр хурдаар шилжиж байгааг National geographic болон Siberiantimes-т бичсэн байна.
Иймд газар хөдлөлтийн шалтгаан нь Амарын хавтангийн тектоник хөдөлгөөнтэй холбоотой нь үнэн бөгөөд манай улсад ч мэдрэгдэж байжээ.
Нягталсан: Ц.Тамир (MCIR)